top banner

Саудын Аравийн хунтайж авлигатай тэмцэж эхэлсний дараа нефтийн ханш эрс өсөв


2017-11-07 15:17:52
Зураг
ЭР-РИЯД. /Гардиан/. Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлж эхэлсний дараа дэлхийн зах зээлд нефтийн ханш 2015 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч өслөө гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Их Британийн “Гардиан” сонины мэдээлснээр, Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд  11 хунтайж, дөрвөн сайд нар болон бусад албаны хүнийг, тэдний дотор тэрбумтан хунтайж Алвалид бин Талалыг баривчлаад байгаа билээ. Шинжээчдийн хэлснээр, дэлхийн зах зээлд нефтийн үнэ ханшийг нэмэгдүүлэхийн тулд нефть олборлолтыг танах хугацааг сунгахыг дэмжиж буйгаа саяхан илэрхийлсэн угсаа залгамжлах хунтайж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ийм кампанит ажил хэрэгжүүлж эхэлсэн нь өөрийгөө Саудын Аравид ямар их нөлөөтэй болохыг харуулсан юм.

Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК энэ сарын сүүлчээр Австрийн нийслэл Вена хотод болох ээлжит уулзалтынхаа үеэр нефть олборлолтыг танах хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Саудын Аравийн ирээдүйн хааны өрнүүлж буй авлигатай тэмцэх арга хэмжээтэй холбоотойгоор даваа гарагт 1 баррель нь 50 орчим ам.долларын ханштай байсан “Брент” маркийн нефтийн үнэ 62 ам.доллар болж эрс өссөн байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Саудын Арави, ОХУ, Казахстан болон Узбекистаны холбогдох албаны хүмүүс уулзаж, нефтийн үнийг өсгөхийн тулд олборлолтыг хязгаарлах хугацааг сунгах нь зүйтэй гэж тохиролцсон нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ ханш нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.



/Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж  Мохаммед бин Салман/
 
Гэхдээ олон улсын шинжээчид, тухайлбал Швейцарийн хувийн банкнуудын “Жулиус Баер” холбооны мэргэжилтэн Норберт Рюкер хэлэхдээ “Нефтийн үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй. Эрэлт буурахаар дагаад 1 баррель нь 50 ам.доллар болж буурна” гэв.

Мөн Швейцарь-Нидерландын нефть худалдаалагч “Витол” компанийн мэргэжилтэн Ян Тэйлор хэлэхдээ “Нефтийн үнэ энэ чигээрээ тогтоно гэдэгт би эргэлзэж байна. Миний тооцоолсноор, ирэх оноос 55-57 ам.доллар болж буурна” гэлээ.

Саудын Арави бол нефть үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд ОПЕК-ийн гол тоглогч юм. Тус улсаас гадна нефть үйлдвэрлэлээр дэлхийд  дээгүүрт ордог АНЭУ болон Ирак улс ч нефть олборлолтыг танах хугацааг дэмжиж байгаа юм.

Дэлхийн зах зээлд нефтийн эрэлт ба нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хүчин чармайлтын хүрээнд ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус улс орнууд өдөрт олборлох нефтийн хэмжээг 1.8 сая баррелиар бууруулан 35.2 сая баррель болгох шийдвэрийг энэ оны  тавдугаар сард гаргасан билээ. Нефть олборлолтыг танах хугацаа 2018 оны гуравдугаар сард дуусна. Энэ хугацааг сунгах эсэх нь удахгүй болох ОПЕК-ийн уулзалтын үеэр тодорхой болно.
Г.Доржханд
 

Монгол брэнд