top banner

Бээжин хотод Монгол сурвалж бичиг судлалын Олон улсын хурал болов


2017-11-07 14:45:21
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. Монгол сурвалж бичиг судлалын хоёр дахь удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 4-5-ний өдөр Бээжин хотын Төвийн Үндэсний их сургууль /ТҮИС/-д болов.
Энэхүү хурлыг ТҮИС-ийн Монгол хэл утга зохиолын тэнхим болон Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Герман, Япон, ОХУ, Турк, Чех, Солонгос, Хятад, Тайвань, АНУ зэрэг 13 орны 120 гаруй эрдэмтэн судлаач оролцож, Монголчуудын үсэг бичиг, шашин, нийгэм түүх, соёл урлаг, анагаах ухаан, газар нутаг зэрэг олон салбартай холбогдох сурвалж бичгийг судалсан талаар хэлэлцэв.
Тэдгээрээс дурдвал, ТҮИС, Өвөр Монголын Их сургууль, Ляонин мужийн Монгол судлалын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлсэн бол Монгол Улсаас Академич Д.Цэрэнсодном, ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга Ц.Чулуун нар оролцож  Ерөнхийлөгч Х.Баттулгын тус хуралд илгээсэн баярын захидлыг уншиж танилцуулав.  
"Ойрын жилүүдэд Хятад улсад судар ном хэвлүүлэх ажил өрнөж олон улсын хэмжээнд тэргүүлж явна. Гэвч онолын судалгааг их чухалчлах хэрэгтэй. Тиймээс бид дэлхийн олон улсын эрдэмтдийг нэг дор цуглуулж, энэхүү хурлыг зохион байгуулж байна” хэмээн ТҮИС-ийн Монгол хэл, утга зохиолын салбарын профессор Мянгатын Эрдэмт онцолж байв.
Тус хурал нь Олон улсын Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад, ТҮИС нь олон жилийн турш тус чиглэлээр эрдэмтэн, мэргэжилтэн бэлтгэх, ном бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.
А.Анхбаяр
 
 

Монгол брэнд