top banner

Япон улстай спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хамтарна


2017-11-07 10:44:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 06-нд Япон Улсын Гадаад хэргийн сайд асан, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Кихара Сэйжи, Токио хотын Мүсашимүраяма хотын захирагч Фүжино Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын биеийн тамир, спортын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар “Токио-2020” зуны Олимп, Паралимпийн наадамд оролцох Монгол Улсын  үндэсний шигшээ багийн тамирчдыг Олимпийн өмнөх бэлтгэл хангуулах чиглэлээр тус улсын муж хотуудад, түүний дотор Мүсашимүраяма хотод хийлгэх, тамирчид, дасгалжуулагчдыг харилцан солилцох, хамтарсан бэлтгэл, сургуулилт хийх, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах, спортын эмнэлзүй болон нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх талаар хөндөн ярив.
 
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Кихара Сэйжи хоёр орны боловсрол, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн, биеийн тамир, спортоор дамжуулан залуучууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ урт хугацааны, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллаганы чиглэлээр санал боловсруулан, хөтөлбөр гарган ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол брэнд