top banner

Адуун соёлыг сурталчлах өдөрлөг болов


2017-11-07 10:43:35

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” хэмээх уламжлалт арга хэмжээ өнгөрөгч амратын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучид 2000 гаруй адуун сүрэгтэйгээ оролцсон юм. Мөн ӨМӨЗО-ноос адуучид ирж оролцсон нь галын хүрээг хилийн чинад руу тэлсэн онцлог үйл явдал болов. Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров сум 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн “Талын түмэн адуу” өдөрлөг нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаад дотоодын томоохон жуулчдын урсгалыг орон нутаг руу татахын зэрэгцээ адуу маллах эртний нүүдэлчдийн өв уламжлалыг хадгалан үлдээх ач холбогдолтой ажээ. Өдөрлөгийн үеэр адуучдын хээрийн цайллага, богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан хүлгүүдийн танилцуулга, адууны зүс нэршлийн тэмцээн, ховор зүстэй адууны үзүүлбэр, уран уургач бугуйлч шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээнүүдээс гадна уран дархчуулын хийсэн адууны тоног хэрэгслийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг урлаг соёл, зан үйлийн үзвэрүүд зохиогдов.

Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн газар учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн болоод түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд