top banner

"Малчдад туслах аян"-д байгууллага, иргэд нэгдэж байна


2017-11-07 10:08:02
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир “Малчиддаа тусалъя” сайн санааны аян зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэ аянд албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүд төдийгүй олон улсын байгууллагууд  ч нэгдсээр байна. 

Тухайлбал: Аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөс таван сая төгрөг, 30 тн өвс, 10 тн тэжээл, аймгийн ЗДТГ-ын хамт олон 100 тн өвс, 100 ширхэг бээлий,132 ширхэг нэмнээ, 50 боодол саван, 50 боодол шүдэнз, лаа хандивлаад байна. Аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн хамт олон лаа, шүдэнз, малын нэмнээ, саван тус бүрээс 30-50 ширхэгийг хандивлаад байна. Мөн "Мерси кор" Олон улсын байгууллагын Ховд салбар Монгол Улсын аварга, сайн малчдын зудын гамшгийг хэрхэн даван туулсан тэргүүн туршлагуудыг багтаан монгол, казак хэл дээр хэвлүүлсэн “Зуд давсан зузаан туршлага” номыг 1500 ширхэг номыг малчиддаа хүргэхээр болжээ. Түүнчлэн А.Тодбаяр эрхлэгчтэй есдүгээр цэцэрлэгийн хамт олон нэг машин өвс, Ховд зочид буудлын хамт олон 100 ширхэг нэмнээ, аймгийн ХДТ-ын хамт олон өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг дээрх аянд зориулах гэнэ.

Ховд аймгийн нутгаар одоогийн байдлаар намар налайж, цас мөсгүй байгаа хэдий ч өнгөрсөн зун, намар бороогүй гандуу байсан учир мал идэх өвсгүй, ”малын  бэлчээр хүрэлцэхгүйн зуд” нүүрлэж болзошгүй байна. 
2017-2018 оны өвөл урьдчилсан байдлаар Ховд аймгийн нийт 91 багт 8435 малчин өрхийн 3,6 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 5,4 сая мал өвөлжинө гэсэн  дүн мэдээ гарч байна.
Тус аймгийн нийт нутгаар өвс бэлчээр муутайгаас ихэнх сумдад өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас аймгийн сумд өөр сумд руу нүүдэл хийж байна. Одоогийн байдлаар Манхан, Чандмань сумын зарим малчин өрхүүд  баруун гурван сум Алтай, Булган, Үенч сумдын нутагт өвөлжихөөр нүүдэл хийж байна.
Зарим малчдын ярьж байгаагаар Чандмань сум гэхэд өнгөрсөн зун мал тарга хүч аваагүй, бод мал өлдөж, хорогдож байгаа учир нядлах буюу зарж борлуулж байгаа гэнэ.
                                                                                                                                                 А.Бямбасүрэн

Монгол брэнд