top banner

“Халамжийг хөдөлмөр болгоё” үзэсгэлэн яармаг боллоо


2017-11-06 22:47:50
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Халамжийг хөдөлмөр болгоё” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, орон нутгийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргалаа.
Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх: Энэ удаагийн хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаанд 19 аж ахуйн нэгж, 77 иргэний 900 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тавигдсан. Амралтын өдрүүдэд гарсан үзэсгэлэн худалдаагаар 34 сая төгрөгийн борлуулалт хийлээ гэж ярив.
Хөдөлмөрийн яармагийн үеэр шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулахад Хангал сумын Я.Баасанжавын хийсэн үйсэн сав, органик сав бараа боодлоор, Могод сумын Д.Ундрахтуяагийн урласан ширэн гөлөм гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр, Баяннуур сумын Д.Буянхишигийн суран эдлэл уламжлалт аргаар боловсруулсан шилдэг бүтээгдэхүүнээр, Хутаг-Өндөр сумын “Эко made” цехийн Г.Оюунчимэгийн цайны хийц шинэлэг бүтээгдэхүүнээр, Бүрэгхангай сумын “Булган нум” ХХК-ийн монгол нум, сум харвааны хэрэгсэл орон нутгийн онцлог шилдэг бүтээгдэхүүнээр, Хангал сумын А.Доржсүрэнгийн бог будаа газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна.
“Тунамал өгөөж” ХХК-ийн тамиржуулах цай, “Булган кашмир” сүлжмэлийн цехийн сурагчийн дүрэмт хувцас, “Дэлгэрэх фүүдс” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн таашаалд нийцсэн, эрэлттэй бүтээгдэхүүний шагнал хүртсэн байна.
М.Батжаргал

Монгол брэнд