top banner

Мянга гаруй ахмадад нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ


2017-11-06 20:33:28
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хэнтий аймгийн ахмадын өдөрлөгийн энэ сарын арга хэмжээг Хэрлэн сумын ЗДТГ-аас зохион байгуулж, мянга гаруй ахмадад нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ. 

Өдөрлөгийн үеэр БТСГ-ын "А" зааланд нээлттэй нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, "Б" зааланд нийтийн цэнгээнт бүжиг, урлагийн тоглолт зохион байгуулсан юм. Урлагийн тоглолтод "Хэрлэнгийн баръяа" хамтлагийн уран бүтээлчид оролцсон бөгөөд тус хамтлагийн 19 гишүүнийг Хэрлэн сумын ЗДТГ-ын талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Мөн сугалаат урилгаар 12 азтанг тодруулан, амттан, витамин амин дэмийн иж бүрдлүүд, ус буцалгагч, шарлагын аппарат, даралтны аппарат зэрэг бэлэг, урамшууллын зүйлсийг азтануудад гардуулан өгсөн байна.

"Ахмадаа хүндэтгэн угтая" уриатай энэхүү өдөрлөгийн нэг цэгийн үйлчилгээнд Хэрлэн сумын зургаан баг, тус аймгийн ХХҮХ, ЭМНДХ нээлттэй үйлчилгээ үзүүлэв. "Ач манал", Оюуны шим", "Хэрлэн дом" өрхийн эмнэлгүүд, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл, уламжлалт, ахмадын эмч нарын баг эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийн зөвлөгөө өгчээ. Мөн Оол, Эм импекс, Монос зэрэг эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчиллээ. Багууд ахмадуудын бүртгэл мэдээллийг шинэчлэх зорилгоор анкет бөглүүлж, эрүүл мэндийн брошюр тараан, багийн тодорхойлолт бичиж өгснөөс гадна Улаанбаатар хотод 180-аас дээш хоногоор эмчилгээ хийлгэж байгаа ахмадуудыг бүртгэн авлаа. Ингэснээр тэдгээр ахмадуудад аймгийн ХХҮГ-тай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих карт олгох юм байна.

Өдөрлөгийн үеэр БНХАУ-ын Шанхай хотноо болсон ахмад мастеруудын 20 дахь тэмцээнээс хөнгөн атлетикийн гурван төрлөөр гурван хүрэл медаль хүртэж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн ахмад тамирчин Ч.Хэрлэнчимэгт Хэнтий аймгийн Засаг даргын болон Хэрлэн сумын Засаг даргын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав. Мөн аймгийн Ахмадын холбоо, Хэрлэн сумын Ахмадын холбоо, Хоёрдугаар багийн Засаг дарга болон Залуучуудын холбоо, Гурил тэжээлийн үйлдвэрийн ахмадууд, түүний гэр бүлийнхэн тус тус хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдөрлөгийн бас нэгэн өвөрмөц үйл ажиллагаа нь "Үл тасрах аялгуу" ахмадын урлагийн наадмын хоёрдугаар шат байв. Шилдэг 10 ахмад наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөж, дуу, бүжгийн  шилдгүүдээ тодруулснаар өдөрлөгийн арга хэмжээ өндөрлөлөө. 
Д.Одонтунгалаг






 

Монгол брэнд