top banner

Иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 жилийн ажлаа дүгнэв


2017-11-06 17:40:18
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын хурлыг 11 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хуралд аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, ИТХ-ын үе үеийн Төлөөлөгчид оролцсон юм. Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлэхдээ “Орон нутагт шат, шатны хурлын байгууллагаас гаргасан тогтоол шийдвэр, ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн идэвх санаачилгаас хамаарч аймаг, орон нутгийн хөгжил харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Өвөрхангай аймаг хөгжил, дэвшлээрээ улсад зургаан удаа тэргүүлж, хүн ам, мал сүргийн тоогоороо ч түрүүлж ирлээ. Жилд 450 орчим сая төгрөгийн ДНБ үйлдвэрлэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээрээ жил бүр манлайлж байна. Энэ нь НУБ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан үе үеийн төлөөлөгчид, аймгийн үе үеийн дарга, удирдлагуудын зөв бодлого шийдвэр, ажлын үр дүн юм” хэмээн дүгнэлээ.
Мөн ИТХ-ын дарга А.Ишдорж баярын хуралд илтгэл тавьж, НӨУБ-ын түүхэн он цагийн ололт, амжилтыг дурдсан бөгөөд “1992 оноос хойш аймгийн ИТХ-д сонгогдож ирсэн Төлөөлөгчид аймаг орон нутгийнхаа өмнө тулгамдаж буй асуудлаар жил бүрийг зорилтот жил болгон зарлаж, түүнтэй уялдсан бодлого, шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ нь бодит ажил болон хэрэгжиж, өнөөдрийн өнцгөөс харахад аймаг маань хөгжлийн хувьд харьцангүй дээшилсэн байна” гэлээ. Тэрбээр цаашид ч хийх ажил их бий гэдгийг хэлж, үүнд иргэдийн оролцоо чухал болохыг онцоллоо.
Баярын хурлын үеэр “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэрэг төрийн одон медалиар 37 хүн энгэрээ мялааж, орон нутгийн шагнал болох П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар 17, НУХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр 6, “Хүндэт өргөмжлөл”-өөр 6, аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 13, Өргөмжлөлөөр 3, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”-аар 9, Т.Намнансүрэнгийн нэрэмжит шагналаар 21 хүнийг тус тус шагнан урамшууллаа. Хурлын дараа хүндэтгэлийн концерт болсон юм.
Б.Батчимэг

Монгол брэнд