top banner

Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ шинэ шатанд гарлаа


2017-11-06 16:04:42
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг, цахилгаан шат, молекул биологийн лабораторийн нээлт өнөөдөр боллоо. Аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр, "Цайрт минераль" ХХК-ийн санхүүжилтээр хийсэн тус бүтээн байгуулалт нь эрүүл мэндийн салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхгүйц ажил гэдгийг албаныхан хэлээд эмнэлгийн үйлчилгээ шинэ шатанд гарч буйг онцлов. 

“Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний үйл ажиллагаа 1961 оноос эхэлсэн байдаг. Харин бид өнөөдрөөс бие даасан тасагтай болж, улмаар нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Мөн молекул биологийн лабораторийг Монгол Улсын хэмжээнд хөдөө орон нутгаас Сүхбаатар анх удаа үйлчилгээндээ нэвтрүүллээ. Цаашлаад үйлчлүүлэгчид, өвчтөнүүддээ хөнгөн шуурхай, аюулгүй үйлчилгээг үзүүлэх цахилгаан шаттай боллоо. Энэ бол манай эмнэлгийн түүхэнд бичигдэх онцлог үйл явдал юм. Эрүүл мэндийн салбарын ажил, ачааллыг мэдэрч, биднийг байнга дэмжиж байдаг аймгийн удирдлагууд болоод энэ их ажлын ард гарахад хүчин зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн АНЭ-ийн дарга Д.Оюунгэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийх ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна. Цаашдаа ч эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, АНЭ-ийг жишиг эмнэлэг болгох тал дээр анхаарч ажиллахаа аймгийн засаг дарга З.Энхтөр хэллээ. Тэрээр “Өнөөдөр Сүхбаатарчууд бидний хувьд үнэхээр баяртай үйл явдал болж байна. Олон жил яригдсан эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг байгуулах, цахилгаан шаттай болох төлөвлөгөө ажил хэрэг болж, аймаг орон нутгийн иргэддээ үйлчлэхэд бэлэн боллоо. Ирэх 2018 онд бид аймагтаа дурангийн мэс заслын тасаг байгуулж, тэндээ бүх төрлийн хагалгааг өөрсдөө хийдэг болно. Цаашлаад Эрдэнэцагаан суманд нэвтрүүлээд байгаа эмнэлгийн мобайл технологийг бух сумандаа нэвтрүүлэх, уламжлалтын эмнэлгийг ашиглалтад оруулах, жирэмсэн эх төрөхийн өмнө болон төрсний дараа амрах 40 ортой эмнэлэг барих зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна” гэв. 

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг, цахилгаан шат, молекул биологийн лабораторийг байгуулахад "Цайрт минераль" ХХК 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тус компани болон аймгийн Засаг дарга хооронд байгуулсан гэрээний томоохон заалт аж.

“Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр анхааран ажилладаг. Сүхбаатар аймагт хамгийн олон жил тасралтгүй, амжилттай үйл ажиллагаа явуулсан компани гэдэг утгаараа аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд үргэлж оролцдог.  Энэ удаад аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний дагуу эрүүл мэндийн салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хэдхэн сарын өмнө бид ийм зүйл хийнэ гээд гэрээнд гарын үсэг зурж байсан болд өнөөдөр цаасан дээрх ажил маань бодитоор хэрэгжиж байгаад үнэхээр баяртай байна. Цаашид олон олон ажлыг бид хамтдаа бүтээлцэх болно” хэмээн "Цайрт минераль" ХХК-ийн ерөнхий захирал С.Батхүү хэллээ. 
Т.Одончимэг

Монгол брэнд