top banner

Каталонийн захирагч К.Пьигдемон тэргүүтэй хүмүүс өөрсдөө цагдаагийн газарт очжээ


2017-11-06 09:05:23
Зураг
БРЮССЕЛЬ. /Ройтерс/. Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пьигдемон болон өөр дөрвөн хүн Бельгийн цагдаагийн газарт өөрсдөө очсон тухай Бельгийн Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.  

Энэ таван хүнийг Бельгийн цагдаа нар ням гарагийн орой буюу өчигдөр орой байцаасныхаа дараа суллан явуулжээ.

Тусгаар тогтнох асуудлаар хууль бусаар бүх нийтийн санал асуулга явуулж, улмаар дангаар тусгаар тогтнолоо зарласных нь дараа Испанийн төв Засгийн газар Каталони мужийн захирагч К.Пьигдемоныг огцруулж, тус мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлсэн юм.  К.Пьигдемон болон мужийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан 13 хүнийг бослого дэгдээсэн, төсвийн мөнгийг хууль бус санал асуулга явуулахад зарцуулсан зэрэг үндэслэлээр Испанийн шүүх дуудсан билээ.



Шүүхийн шийдвэрийг үл тоон Бельги рүү зугтсан К.Пьигдемон болон мужийн сайд асан дээрх дөрвөн хүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, баривчлах зөвшөөрөл олгох тухай тогтоолыг Испанийн Үндэсний шүүхийн коллеги өнгөрсөн бямба гарагт баталсан аж. Үүнтэй холбоотойгоор К.Пьигдемон тэргүүтэй таван хүн өөрсдөө Бельгийн цагдаагийн газарт очсон байна. "Шударга шүүх хурал болно гэсэн баталгаа байхгүй учир би Испани руу буцаж очихгүй" гэж К.Пьигдемон хэлжээ.

Тэднийг баривчилж, Испанид шилжүүлэн өгөх эсэхээ Бельгийн тал өнөөдөр шийдвэрлэх бололтой.
Г.Доржханд

Монгол брэнд