top banner

Н.Төгсцогтын 10 дахь тулааны өрсөлдөгч нь өөрчлөгджээ


2017-11-06 07:16:35
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын "Premier Boxing Champions production"-д харьяалагддаг бөгөөд түүний энэ удаагийн өрсөлдөгч нь домогт дэлхийн аварга, мэргэжлийн боксын хамгийн тод одын нэг, цуут Флойд “ Money” Мэйвезерийн "Mayweather Promotions"-ний тамирчин АНУ-ын Хавьер Аугустин Мартинес байсан юм .

АНУ-ын Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн "Latino Mayweather” хэмээгдэх болсон Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж, бүгдэд нь ялжээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгасан байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес манай Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн, ТВ -ээр шууд дамжуулах гэрээ хийгдсэн болохоор зохион байгуулагчид буюу Mayweather Promotions-ийнхон шинэ өрсөлдөгчийн "эрэлд" яаралтай гарчээ. Харин 11 дүгээр сарын 5-нд тэд, Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн тухай мэдээллээ King Tug-ийн багт ирүүлжээ. Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа 11 дүгээр сарын 18-нд хийхээр товлосон.

KING TUG хэмээх нэртэй тулалддаг , энэ жил 25 настай Н.Төгсцогт мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Харин энэ удаагийн шинэ өрсөлдөгч нь Филиппиний боксчин Хармонито Дела Торре байх нь. Энэ жил 23 настай, "Алх" хочит энэ боксчин АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ 19 тулаан хийж , нэг ч ялагдаагүй аж. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгажээ.



Биеийн өндөр манай Төгсөөтэй адилхан 173 см боловч гар урттай ажээ. Төгсөөгийн алд 168см хүрдэг бол Дела Торрегийн алд 185 см байна. Мөн Торре 2014 онд World Boxing Federation холбооны Олон улсын болон Дэлхийн аварга болж байжээ. Ийнхүү 10 дахь тулааны учраа нь улам чангарч байна.

Тулаан мэргэжлийн боксын дэлхийн "өлгий" болсон АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "The Cosmopolitan" цогцолборт болох бөгөөд тасалбар нь www.ticketmaster.com дээр 29$ -149$ -ийн үнэтэй худалдагдаж байгаа юм. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулна хэмээн АНУ-д амьдарч байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.
Д.Өлзий

Монгол брэнд