top banner

Аймгийн хөдөлмөр, халамж, үйлчилгээнийхэн алслагдсан суманд хүрч ажиллав


2017-11-05 21:41:40
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ХХҮГ аймгийнхаа төвөөс хамгийн алслагдсан Алтай суманд хүрч, сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран  “Хүлээж биш хүрч үйлчлэе” өдөрлөг зохион байгууллаа.
 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачлагаар аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр анх удаагаа хийсэн энэ ажилд тус газрын 34 албан хаагч бүрэн оролцож ажиллажээ. Хязгаар нутгийн ард иргэдэд төрийн бодлогыг сурталчлах, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажиллаж хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, хөгжөөнт тоглоом гэсэн дөрвөн өртөөгөөр зохион байгуулсан нь иргэдэд ихээхэн таалагджээ. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтыг ажил эрхэлдэггүй 36 хүн, ЕБС-ийн ахлах ангийн 80 гаруй сурагч, хилийн цэргийн ангийн 80 гаруй албан хаагчдыг хамруулан Баянхонгор аймгийн Политехник коллежийн сургагч багш нарын тусламжтайгаар явуулжээ. Мөн энэ үеэр Алтай сумын цөөн малтай иргэн Т.Батзаяаг малжуулах хөтөлбөрт хамруулан таван сая төгрөгөөр малжуулж 187 мал олгожээ. Үүний зэрэгцээ нийгмийн халамж хүртэж чаддаггүй иргэн Ц.Ганбаяр, Б.Нямдулам нарын хоёр өрхөд таван ханатай гэрийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санхүүжилтээр олгож, үсчин Б.Жаргалмаад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлж хөдөлмөр эрхлэх боломжтой болголоо.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний болон шүдний эмч нарын үзлэг, эмчилгээ хийлгэж олон иргэдийг хамруулсан байна. Ийнхүү тус аймгийн ХХҮГ-ынхан  алсын Алтай сумд анх удаа хүлээж биш хүрч үйлчиллээ.
 

.                                                                                                               Ш.Цоодол


Монгол брэнд