top banner

Замын цагдаагийн байнгын хяналтын цэг байгууллаа


2017-11-05 18:46:05
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын төвийн хойно буй Мянганы замын босоо тэнхлэг дагуух гурван замын уулзварт замын цагдаагийн байнгын хяналтын цэг байгууллаа.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор орон нутгаас нийт 70 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж, дээрх замын цагдаагийн хяналтын цэгийг энэ сарын 4-нд хүлээлгэн өгчээ.
Тус аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайран өнгөрдөг бөгөөд хүн нас барсан, гэмтсэн ослуудын 80 хувь нь энэхүү замд гарсан тухай аймгийн Цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.
Оны эхний таван сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29 бүртгэгдсэнээс, осол хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 2.2 дахин өссөн, ослын улмаас амь насаа алдсан хүн 66.6 хувиар өссөн, гэмтсэн хүн 37.5 хувиар  тус тус өссөн аж.
Замын цагдаагийн байнгын хяналтын цэг ашиглалтад орсноор замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргийг бууруулах,  хатуу хучилттай зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах бүрэн боломжтой болох юм.
Хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж ажиллана.
Мөн “Монгол зүрх сэтгэл" ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Замын цагдаагийн байнгын хяналтын цэгийн дотоод тохижилтод зориулж 10 сая төгрөгийн үнэ бүхий зүйл хандивлалаа. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд