top banner

Пауэрлифтингийн дэлхийн аваргын амжилтаа шинэчиллээ


2017-11-03 21:36:30
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтийн залуу тамирчин Б.Саранхүү анх удаагаа оролцож, өндөр амжилт гаргалаа.

Энэхүү тэмцээнд мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат Сүхбаатар аймгийн ШШГА-ны дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ мастер ангилал буюу 40-өөс дээш насныхны ангилалд эх орноо төлөөлөн оролцож, Дэлхийн аваргын хошой алтан медальтан болжээ.

Дэлхийн 30 гаруй улсын 400 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас есөн жинд 21 тамирчин оролцсон аж. Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат Пауэрлифтингийн Улсын аварга Б.Саранхүүгийн хувьд тэмцээний 75 кг жинд эх орноо төлөөлөн оролцож, хэвтээ шахалт /140 кг/-ын төрөлд алтан медаль, Үндсэн суулт /207.5 кг/, хэвтээ шахалт /135 кг/, таталт /230 кг/ гэсэн гурван төрөлтийн нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж,  абсолют буюу аваргуудын аварга шалгаруулахад гуравдугаар байранд оржээ.

Тэрбээр Хэрлэн нэгдүгээр сургуулийг төгсөгч бөгөөд, 2012-2016 онд МУБИС-ийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр суралцан төгсчээ. “Анх Пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж байхдаа 55 кг жинтэй, 40 кг ч шахаж чаддаггүй байсан. Тэр үед Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, медаль авна гэдэг биелэгдэшгүй мөрөөдөл байлаа. Тэгвэл өнөөдөр би мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа тууштай хийснээр амжилтаа ахиулж, Дэлхийн аварга болчихсон зогсож байна. Залуустаа хандаж хэлэхэд бүгдээрээ хамтдаа зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө хичээгээрэй хэмээн уриалж байна” гэсэн юм.

Түүний гаргасан амжилтаас дурдвал 2016 оны Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээний 74 кг жинд хүрэл медаль, 2017 оны Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний 75 кг жинд алтан медаль хүртэж, дэлхийн аваргад оролцох эрхээ авсан байна.

World Raw Powerlifting Federation WRPF холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн 10 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болсон юм.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд