top banner

Монгол оюутнууд Хайнанд язгуур урлагаа сурталчлав


2017-11-03 12:31:23
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. Монголын Хөгжим бүжгийн их сургуулийн /ХБИС/-ийн багш, оюутны төлөөлөл өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Хайнан мужийн Хай Коу хотод үндэсний соёл, зан үйлийг харуулсан тоглолт зохион байгууллаа.Монгол-Хятадын залуусын нөхөрлөлийг бэхжүүлэх, урлаг соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг тоглолтод Хайнаны их сургууль, Хайнаны Багшийн их сургууль, Хайнан мужийн Соёл урлагийн сургуулийн оюутнууд мөн Хайнаны соёл, онцлогийг харуулсан тоглолт болов.
Монгол оюутнуудын тоглолт "Уяхан замбуу тивийн наран" уртын дуугаар эхэлж, Монгол үндэсний хөгжим, урт богинын дуу, хөөмий, үндэсний бүжиг, морин хуурын тоглолт зэрэг үндэсний язгуур урлагийн үзүүлбэрүүд үзэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлж чадав.
Энэхүү тоглолт нь Монголын Хөгжим бүжгийн их сургууль Хайнантай хамтарч хэрэгжүүлж буй олон удаагийн хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг юм.
Тоглолтын дараа Монгол, Хайнаны багш оюутнууд дурсгалын бэлэг солилцсон.
Дашрамд дурдахад, Монгол Хөгжим бүжгийн их сургууль нь 1937 онд байгуулагдсан, 80 гаруй жилийн баялаг түүхтэй Монголын анхны урлагийн сургууль юм. Одоогоор тус сургууль 1000 гаруй оюутан сурагч, 360 гаруй багштай ба энэ оны 7 дугаар сард албан ёсоор Их сургууль болон өргөжсөн билээ.
А.Анхбаяр

Монгол брэнд