top banner

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ БРЭНД-МОНЦЕМЕНТ         


2017-11-03 10:50:21
Зураг
Европын үйлдвэрүүдэд ашиглагдах болсон эко технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Монцемент билдинг материалс” компани Монголоос анх удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) Environmental & Social Best Practice Award буюу “Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ.
“Монполимет” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Монцемент билдинг материалс” ХХК нь 2006 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын төр засгийн бодлогод нийцүүлэн импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэх, шинэ нөү-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр нухацтай судалгаа хийсний үр дүнд Европын хамгийн орчин үеийн эко технологид суурилсан, Европ стандартын шаардлага хангасан бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан юм. Ингэснээр жилд 60 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын урсгалыг эх орондоо үлдээхэд томоохон дэмжлэг үзүүлсэн билээ. Хуурай аргын цементийн үйлдвэр нь уламжлалт нойтон аргын технологиос усны хэрэглээ гурав дахин бага, эрчим хүчний хэрэглээ 30 хувиар бага байдаг гэнэ.

“Монцемент” цогц үйлдвэр нь шохойн чулууны ил уурхай, цемент үйлдвэрлэх иж бүрэн хоёр шугам, технологийн явцаас гарах хаягдал дулааныг дахин боловсруулж 5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR үйлдвэр болон Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэр зэргүүдээс бүрдэнэ. Тус цогц үйлдвэр нь хоногт 3500 тонн клинкер болон жилд 1 сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Өргөн суманд хоногт 1750 тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрлэлийн 1-р шугамыг ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын зэрэгцээ ойрын ирээдүйд хоёрдугаар шугамыг барьж байгуулахаар төлөвлөөд байна.
Цементийн үйлдвэр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
·         Үйлдвэрлэлийн 1-р шугам:
o    Клинкерийн шугам (түүхий эдийн агуулах, босоо булт тээрэм, урьдчилан халаагч, эргэх зуух, клинкерийн хөргүүр, клинкерийн агуулах)
o    Цементийн шугам (хэвтээ тээрэм, агуулах силос, савлах болон автомашин/вагонд ачих хэсэг)
o    Удирдлага-хяналтын төв
o    Чанарын нэгдсэн лаборатори
·         Хаягдал дулаан ашиглан 5 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр
·         Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон 110кВ-н дэд станц ба 53 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам
·         Үйлдвэрийг УБТЗ-ын гол замтай холбосон 3.5 км салаа төмөр зам
·         10 км урттай үйлдвэрийн болон ахуйн ус хангамжийн нэгдсэн систем
·         Уурхай болон технологийн зам
·         Шатахуун түгээх станц
·         Ажилчдын орон сууцны хороолол

“Монцемент билдинг материалс” ХХК нь зуунаас зуун дамжин ашиглагдах арвин их нөөцтэй, өндөр чанарын олон төрлийн түүхий эд бүхий “Сэнжит худаг” шохойн чулууны ордыг түшиглэн цементийн үйлдвэрээ барьж байгуулжээ. Тус орд нь 230 сая тн шохойн чулуу, 150 сая тн занарын нөөцтэй бөгөөд энэ нь 250 жил ашиглах хэмжээний нөөц юм байна. Тэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд ойртуулах, захиалгыг хурдан шуурхай хүргэх ложистикийн асуудлуудаа хялбаршуулах үүднээс үйлдвэрийн нэгэн хэсгийг Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэсэн байна. Улаанбаатар дахь Клинкер боловсруулах үйлдвэр нь Өргөн суманд байрлах цементийн үйлдвэртэйгээ хамт нэгэн цогц систем болж ажиллахаар төлөвлөгдсөн, цагт 120 тонн цемент тээрэмдэх хүчин чадалтай ажээ. Энэ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
·         Клинкер вагоноос буулгах, хуваарилах иж бүрэн систем
·         Цементийн 2 тээрэм
·         Нийт 12,000 тонн цемент агуулах 4 сило
·         Задгай болон савласан цемент машинд зэрэг ачих боломжтой автомат систем
·         Удирдлага-хяналтын төв/Чанарын лаборатори
·         Борлуулалтын хэсэг
Монцемент үйлдвэрийг Эко үйлдвэр гэж тодотгох нэг онцлог нь үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж.WHR системийн энэхүү цахилгаан станцыг суурилуулсан нь мөн л Монголдоо анхдагч болсон юм. Тодруулж хэлбэл, энэхүү WHR систем нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд Европын холбооны улсуудаас Румын Улсын 4.0 MW хүчин чадалтай “Holcim”, Словак Улсын 5.0 MW хүчин чадалтай “Holcim”, Герман Улсын 6.8 MW хүчин чадалтай “Rohrdorfer” групп зэрэг цөөн хэдэн үйлдвэр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг аж.
Тус систем нь Урьдчилан халаагч /Эргэх зуух гэсэн пиро-процесс болон клинкерийн хөргүүрээс гарах 360-380°С хэмтэй хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргах олон улсад хүлээн зөвшөрөгдсөн Ранкайн Цикл технологийг ашигладаг юм. Ингэснээрээ:
·         Агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулна
·         Төвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40 хувиар багасгана
·         Нэгж бүтээгдэхүүнд ноогдох өөрийн өртгийг бууруулж эдийн засаг-экологийн эерэг үр дүнг авчирдаг билээ.
Энэ үйлдвэр нь говийн бүсийн цаг агаарын нөхцөлд тохирсон агаарын хөргөлтийн системтэй ба Монгол улсад байгаа бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад тав дахин бага ус хэрэглэдэг аж.
“Монцемент Билдинг Материалс” компанийн үйлдвэрлэлдээ эко технологи нэвтрүүлээд зогсохгүй нийгмийн хариуцлагаа ч ухамсарлаж хэрэгжүүлсээр байна.
Тухайлбал, Өргөн сумын нутаг дэвсгэрт биологийн төрөл зүйлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, үр дүнд нь нэн ховордсон ургамлын төрөл зүйлийг хамгаалах, говийн бүсэд ногоон бүс бий болгох ажлыг 2013 оноос эхлэн зохион байгуулж, ногоон хөрөнгө оруулалт хийж иржээ. Үүний нэг илрэл нь тоосжилт болон хүлэмжийн хийн ялгарах хэмжээг Европын стандартад нийцүүлж хамгийн орчин үеийн хуурай аргын технологийг нэвтрүүлсэн явдал юм. Мөн ахуйн хэрэглээний усны 90 гаруй хувийг цэвэршүүлэн тоног төхөөрөмжийн хөргөлтийн системд дахин ашиглах эко технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Орон нутгийн хөгжилд гэхэд Өргөн суманд төлөвлөсөн орон сууцны хорооллын эхний ээлжийн 88 айлын барилгыг барьж, өнгөрсөн оны наймдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Мөн 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, алслагдсан орон нутагт шинээр мэргэжлийн ур чадвар шаардах ажлын байр бий болгосон нь уул уурхайн бус хүнд үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бааз болоод буй.
/> Барилгын материалын салбарт Европ стандартын баталгаатай бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэн ажиллаж, аж үйлдвэрийн салбарын хөгжилд орчин үеийн инновацийн технологи нэвтрүүлж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулжээ. Ийнхүү монгол хүн Монголынхоо газар шороон дээр их бүтээн байгуулалт өрнүүлж олон арван шинэ ажлын байр бий болгож эхлээд байна. Тэр дундаа улс орныхоо эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татан оруулж ирэхийн хажуугаар шинэ технологи, ноу-хауг нэвтрүүлж чадсан эко бүтээн байгуулалт бий болгож байгаа нь салбартаа сайн жишиг тогтоогоод байгаа юм.
“Монцемент билдинг материалс ХХК-ын ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан:
“Улсын дэд бүтцийг бий болгодог гол бүтээгдэхүүн цементээ бид дэлхийн стандартад хүргэж чадсан нь манай компанийг нийгэмд таниулах үндсэн үзүүлэлт боллоо. Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүч хэмнэхийг үйл ажиллагааныхаа зорилго болгон ажилладаг” гэдгийг онцлов.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь барилгын материал үйлдвэрлэлийн салбарт байгаль орчин болон нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжлийг зорилгоо болгосон 65 улсын хамтын эзэмшил бүхий олон улсын санхүүгийн байгууллага билээ. Өдгөө тус банкнаас дэлхийн хэмжээнд 400 гаруй цементийн үйлдвэр барьж байгуулах төслийг амжилттай санхүүжүүлж, хэрэгжүүлжээ.Тус  банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Ө.Азжаргал:
 “Монцемент үйлдвэр нь Монгол Улсын нийгэм эдийн засагт хамгийн их үр өгөөжөө өгөх, “Эрдэнэт”-ийн дараа орох олон улсын хөрөнгө оруулалттай төсөл юм. Бүс нутагтаа ажлын байр бий болгохоос гадна байгальд ээлтэй дэвшилтэд технологийг нэвтрүүлснээрээ энэ төсөл онцлог. Манай банкнаас үйлдвэрлэлийн салбарт оруулсан хамгийн том санхүүжилт бол “Монцемент” төслийнх. Эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн манай банкны стратегийн гол шалгуурыг хангасан энэхүү төсөл маань Монголоос анх удаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) Environmental & Social Best Practice Award буюу “Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн нь энэ төслийн үр дүнг тодорхойлсон хэрэг боллоо” хэмээн ярив.
Мөн энэ тухайд “Монцемент билдинг материалс” компанийн гүйцэтгэх захирал Гош Жой:
“Тогтвортой хөгжил болон нийгмийн хөгжил нь ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөлд тавих үндсэн шалгуур байдаг. Манай төсөл дээрх шалгуурыг бүрэн хангасан нь цаашид хэрэгжих бусад төсөлд үлгэр дуурайл боллоо” гэсэн юм.

Тасралтгүй өсөлт хөгжлийн замаар үнэт зүйлс, баялагийг бүтээн байгуулсаар яваа “Монполимет” группийн улс орныхоо хөгжилд оруулж буй нэгэн томоохон дэм бол энэхүү үйлдвэр юм. “Монцемент билдинг материалс” компаний цементийн үйлдвэр нь дэлхийн стандартыг Монголд нутагшуулсан, манай орны цемент, барилгын материалын үйлдвэрлэлийг шинэ шатанд хөтөлсөн томоохон дэвшил боллоо.
Б.Занданхүү  

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд