top banner

Орхон суманд гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль хийж байна


2017-11-02 19:26:09
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалын дагуу мэргэжлийн анги бүлгүүдийг шинэчлэн зохион байгуулах, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан-Уул аймгийн Орхон суманд Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургууль дадлагыг энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбоотой дадлага сургуулилтад хамрагдаж буй төрийн албан хаагч болон оролцогчид 11-р сарын 2,3-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дадлага астрономийн /хийсвэр/ 16 цаг, оперативийн /үндсэн/ 240 цагийн багтаамжтайгаар онолын сургалт, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт, бие бялдрын чадвар, дадлага ажил гэсэн гурван үетэй явагдаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн бэлтгэл ажлын хүрээнд сумын мэргэжлийн анги бүлгийг долоон удаа дохиогоор цуглуулж хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэл, машин техник, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, жагсаалын үзлэг хийж нүүлгэн шилжүүлэлтийн цугларах талбайг бэлтгэсэн байна.
Мөн дадлага сургуулийн үеэр сумын Засаг даргын 2017 оны 119 дүгээр захирамжаар мэргэжлийн ангийн 66 ажилтан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байна. Дадлага, сургуулийн ажлын хүрээнд цас цэвэрлэх, хусах, зам гаргахад зориулсан  механикжсан багаж шинээр хийжээ. Түүнчлэн Дархан Сэлэнгийн авто замаас сумын төв хүртэлх засмал замын дагуу шар усны үерт эвдэрсэн гурван нүхэн гүүрэнд засвар үйлчилгээ, үерийн ус зайлуулах 130 метр суваг шинээр хийсэн байна.
Ингэснээр дадлага сургуульд хамрагдагсад сумын нутаг дэвсгэрт тохиолдох болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, мал амьтан ургамлын гоц халдварт өвчнөөс хүн болон хүрээлэн буй орчныг урьдчилан сэргийлэх, хамгаалах гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн дагуу зохион байгуулах мэдлэг дадлагатай болох юм. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион явуулснаар гарч болзошгүй 11 төрлийн гамшиг ослын үед хэрхэн ажиллах дадлага туршлагатай болж байгаагаараа ач холбогдолтой. 
 
Нэмж мэдээлэхэд Орхон сум 47,1 мянган га нутаг дэвсгэртэй, 3245 хүн ам, 37571 толгой малтай ажээ.
Л.Отгонбаатар

Монгол брэнд