top banner

Курдууд тусгаар тогтнолын төлөөх тулалдаанд ялагдав


2017-11-02 14:14:05
Зураг
Түүхч-дорно дахины судлаач Дмитрий Добров бол Ойрхи Дорнодод олон жилийн турш сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байсан хүн бөгөөд сүүлийн өдрүүдэд Иракийн Курдистанд өрнөсөн үйл явдлын талаар түүний бичсэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна. 
 
11 дүгээр сарын 1-ний өдөр Иракийн Курдистаны ерөнхийлөгч Масуд Барзани огцорлоо. Ингэснээр тэрбээр “Курдын төсөл”-ийг бүрэн сүйрүүлснийхээ хариуцлагыг хүлээж байгаа хэрэг юм. Түүний санаачилсан Курдистаны тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулга нь Иракийн эрх баригчдын сөрөг дайралтыг өдөөсөн бөгөөд үүний улмаас курдуудын авахаар зүтгэж байсан “маргаантай нутаг дэвсгэр” бүхлээрээ Багдадын мэдэлд оржээ.
 
2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Иракийн арми болон Ираны тал баримтлагч шиитүүдийн анги нэгтгэлүүд Иракийн хойд нутаг дахь нэг сая хүн амтай Киркук хотоос курдын сайн дурынхны пешмерга хэмээх отрядуудыг түрэн гаргасан байна. Үүний сацуу хотын ойролцоох нефтийн томоохон ордуудыг эзлэн авлаа. Тав хоног давшсаны эцэст Иракийн цэргүүд Киркук мужийг эзэлснээр курдуудаас 14 мянган хав.дөр.км газар нутгийг булаан авчээ. Киркукийг алдсан нь Эрбиль хотыг хяналтандаа байлгасаар буй Барзанигийн угсаа залгамжилсан бүлэглэлд томоохон цохилт боллоо. Улмаар Багдадын цэргийн хүч курдуудын унаган нутагт цөмрөн орж, 2003 онд тогтоосон тусгаарлах шугамыг давлаа. Одоо фронтын шугам Иракийн Курдистаны нийслэл болох Эрбиль хотоос 50 орчим км-ийн зайд байна. Курдууд маш хүнд байдалд оржээ. Тэд нефтиэ алдаад зогсохгүй гадаад ертөнцтэй харилцах боломжоо ч бас алдлаа. Учир нь, Багдадын эрх баригчид Турк, Ирантай залгаа хилийн бүсийг хяналтандаа авахаар завдаж байна.
 
Тусгаар тогтнох гэсэн хүсэл мөрөөдөл нь хүний амьдралын хэдэн үеийн хугацаагаар хойш шидэгдлээ гэдгийг курдууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Курдын удирдагчдын нэг болох Бафель Талабани мэдэгдэхдээ “манай ард түмэн түүхэндээ хамгийн том ялагдал хүлээлээ” гэжээ. Бафель бол “Курдистаны эх оронч холбоо” гэдэг хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Жалал Талабани-гийн  хүү юм. Тус хөдөлгөөнийхний үзэж байгаагаар, Курдистаны Ардчилсан намын дарга Масуд Барзани бол өөрийн угсаа залгамжилсан бүлэглэлийн эрх ашгийн үүднээс “Курдын тусгаар тогтнолын төслийг” сүйрүүлсэн  “урвагч” аж. Барзани өөрийн засаглалыг бэхжүүлэхийн тулд бүх нийтийн санал асуулга зохион байгуулснаараа Турк, Иран, АНУ, Ирак гэсэн бүс нутгийн тоглогчдыг Иракийн курдуудын эсрэг хандуулсан гэж дээрх хөдөлгөөн үздэг.


 
Олон улсын ажиглагчид нэг зүйлийг ихэд гайхаж байна: Курдууд яагаад эсэргүүцэл бараг үзүүлсэнгүй вэ? 2014 онд санаа сэтгэлээр унасан Иракийн армийн цэргүүд нэг сая хүнтэй Мосул хотыг бараг тулалдаан хийлгүйгээр “Лалын улс” бүлэглэлд алдсан шүү дээ?
 
Курдуудын эсэргүүцэл сул байсны нэг шалтгаан нь Курдын хөдөлгөөнд хагарал гарсантай холбоотой. Барзанигийн санаачилгыг Иракийн курдуудын хоёрдахь том бүлэглэл болох Курдистаны эх оронч холбоо дэмжээгүй билээ. Холбооны удирдагчид Багдадтай яриа хэлэлцээ хийхийн төлөө байсаар ирсэн ба Жалаль Талабани 2004-2005 онд Иракийн Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байв.
 
Өөр нэгэн шалтгаан бол Иран улс Киркукийг эзлэн авахад гол гүйцэтгэсэн явдал юм. Иранчуудын бэлтгэсэн шиитүүдийн “Хашд аш-Шааби” гэдэг цагдаагийн бүлэг давшилтын гол хүчийг бүрдүүлж байлаа. Ираны “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ын “Кудс” бүлгийн командлагч, генерал Касим Сулеймани бол Киркук руу хийсэн давшилтад гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр хотыг хамгаалж байсан курдуудын пешмерга зэвсэгт отрядынхантай хэлэлцэн тохиролцсоноор Киркук хот Багдадын хяналтанд орсон байна. Ер нь бол, Иракийн арми сүүлийн гурван жилийн хугацаанд нэлээд бэхэжсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Тус армийн танкийн ангиудын эсрэг курдууд яаж ч чадсангүй.
 
Одоо Багдадын эрх баригчид Турктэй залгаа хилийн бүсийг бүрэн хяналтандаа авахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нефтийн худалдааг гартаа авч, Эрбильд ногддог хувь мэдэгдэхүйц багасах юм. Киркук-Жейханы нефть дамжуулах хоолой бол Иракийн нефтийг экспортлох гол хоёр шугамын нэг нь билээ. Энэ бүхэн нь Курдын бүс нутгийг эдийн засгийн хувьд Багдадаас хамааралтай болгосноор С.Хусейнийг түлхэн унагасны дараа авсан эдийн засгийн давуу байдлуудаа Курдистан алдахад хүрч байна. Ер нь бол, Иракийн Курдистан бие даасан улс болох бодит боломж анхнаасаа л байгаагүй. Учир нь, Багдадтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн Турк болон Иран улс Курдистантай залгаа хилээ хаахад бэлэн байсан юм.


 
“Маргаантай муж” болох Киркук бол түүхийн үүднээс авч үзвэл, Туркийн Мосул вилайетэд /засаг захиргааны нэгж/ харьяалагдаж байсан бөгөөд тэнд амьдардаг хүмүүсийн угсаатны бүтэц нь алаг цоог байж, курдууд олонхыг бүрдүүлж байв. БААС нам болон С.Хусейний явуулсан арабчлах бодлогын улмаас уугуул курдуудын тоо хүн амын талаас доош хувийг эзлэх болж, харин арабууд давамгайлж эхэлжээ. Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллагын мэдээллээр, 1991-2003 оны хугацаанд Саддам Хусейн хагас сая орчим уугуул курдуудыг Киркук мужаас хөөж гаргасан байна. 2003 онд Хусейний дэглэм унасны дараа Америкийн эзэмшлийн засаг захиргаа олон мянган курд иргэдийг нутагтаа буцаж очихыг зөвшөөрчээ. Хэдийгээр курдууд Киркук мужийг эзэмших эрхтэй гэж мэдэгдэж байсан боловч тус муж Багдадын захиргаанд хэвээр үлдлээ. Курдын анги нэгтгэлүүд 2014 оны 6 дугаар сард Киркукийг эзлэн авсан бөгөөд энэ үед “Лалын улс”-ынхан Багдад руу давшиж эхэлсэн байв.
 
АНУ нь “Лалын улс”-ын эсрэг тэмцэлд курдуудыг увайгүйгээр ашиглачихаад дараа нь бүс нутгийн гүрнүүдээр тэднийг тасар татуулахын тулд хаяж өгч байна гэж үзэж буй ажиглагчид олон бий. Гэхдээ олон янзын курдын хөдөлгөөн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Юуны өмнө дурдахад, Сирийн курдууд АНУ-тай хамтран “Лалын улс” бүлэглэлийн эсрэг байлдаж байгаа бөгөөд саяхан халифатын нийслэл гэгдэх Ракка хотыг эзлэн авлаа. Сирийн курдуудын түр засгийн газрын үүргийг гүйцэтгэж буй “Ардчилсан Холбоо”-ны цэргийн жигүүр болох Курдын өөрийгөө хамгаалах отрядууд гэж бас бий. “Ардчилсан Холбоо” нь Курдистаны үндэсний марксист ажилчны намтай нягт хэлхээ холбоотой. Мустафа Ожаланы байгуулсан энэ хөдөлгөөн нь 1984 оноос хойш Туркээс, дараа нь Сириэс салан тусгаарлахын төлөө тэмцэж байгаа юм. Курдын өөрийгөө хамгаалах отрядууд нь бэлтгэл сайтай цэргийн хүч бөгөөд америкчууд түүнийг бүс нутагт томоохон тоглолт хийхдээ ашиглаж байна. “Лалын улс”-ыг бүрэн даран устгасны дараа Турктэй “наймаа хэлэлцээ” хийхэд тэднийг шатрын хүү болгон ашиглахыг үгүйсгэх аргагүй. Фронтын энэ хэсэгт курдуудын хувьд байдал тун тааруу байна.
 
Б.Адъяахүү   
 
Эх сурвалж: http://inosmi.ru/politic/20171101/240662824.html

Монгол брэнд