top banner

“Цэцэн шонхор” клуб багаараа түрүүлжээ


2017-11-01 00:01:51
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт олон улсын таеквондогийн “Цэцэн шонхор” клубын нэрэмжит цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо. Тэмцээнд  Улаанбаатар хотоос олон улсын таеквондогийн Эрч хүч, Илд бамбай, Ахан дүүс зэрэг клубүүд, МҮИС, Баян-Өлгий аймаг, Увс аймгийн Тулааны нэгдсэн холбоо, Завхан аймгийн Отгон сумын “Этүгэний шонхорууд” клуб, Тосонцэнгэл сумын “Галт шонхорууд” клуб, Цагаанхайрхан сум зэрэг нийт 13 байгууллага клубүүдийн 160 гаруй тамирчин оролцжээ.
Тамирчид тулаан, түль, онцгой чадвар зэрэг төрлүүдээр оролцож 6-17 насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд хүрэгчид гэсэн ангиллаар өрсөлджээ. Ингээд тулааны төрөлд багийн дүнгээр Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газрын дэргэдэх Олон Улсын Таеквондогийн “Цэцэн шонхор” клуб тэргүүн байр эзэлж, Улаанбаатар хот дахь Олон Улсын Таеквондогийн Эрч хүч, Ахан дүүс зэрэг клубүүд удааллаа. Харин насанд хүрэгчид болон түль онцгой чадварын төрлүүдэд тэргүүн байранд УБ хот дахь Олон Улсын Таеквондогийн Илд бамбай, МҮИС, Цагаанхайрхан сумын бага тамирчид удаалсан байна. Мөн энэ үеэр Олон Улсын Таеквондогийн Цэцэн шонхор клубын багш дасгалжуулагч Олон Улсын Таеквондогийн Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, 2015 оны Дэлхийн аварга Цагдаагийн дэслэгч Цагаанхайрхан сумын харъяат С.Будхүүд хүндэтгэл үзүүлжээ. Тэмцээнийг Улаанбаатар хотоос БТСТА багш дасгалжуулагч н.Мягмарсүрэн, Отгон сумын харъяат ОУХМ Г.Отгонцэцэг, Монголын шигшээ багийн тамирчид болох Ж.Рысулбек, н.Нэргүй, н.Нүрзэд, Ази тивийн аварга н.Отгонжаргал нар хүрэлцэн ирсэн байв. Мөн тэмцээнд оролцогчдод гардуулсан үнэмлэх өргөмжлөлийг уйгаржин монгол бичгээр бичиж чимсэн нь бусад спортын тэмцээнүүдийн шагналаас эрс ялгарч онцгой харагдаж байлаа.  
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд