top banner

Өвлийн олимпийн наадамд Төв аймгийн төлөөлөгчид урилгаар оролцоно


2017-10-31 19:12:33
Зураг
Төв /МОНЦАМЭ/. 2018 оны хоёрдугаар сарын 2-25-ны өдрүүдэд БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчан хотод болох өвлийн олимпийн 23 дахь удаагийн наадамд урилгаар оролцох "Монгол туургатан театр"-ын уран бүтээлчид болон аймгийн БТСГ-ын тамирчид өнөөдөр өвлийн олимпын бэлгэдлийн бамбарыг асаав.

Төв аймаг Кангвон мужтай шууд харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны дөрвөн төлөөлөгч, “Монгол туургатан” театрын 20 уран бүтээлчийг 23 дахь удаагийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд урьжээ.
Мөн Пёнгчан өвлийн олимпт манай улсаас оролцох тамирчин Ч.Отгонцэцэг, Д.Оюунчимэг нар ч мөн Төв аймгийн  харьяат юм.
Сонирхуулахад, өвлийн олимп урд нь зуны олимптой нэг жилд зохиогддог байжээ. Лиллехамерын олимпоос эхлээд хоёр зуны олимпын хооронд дөрвөн жилд нэг удаа зохиогддог болсон байна. Энэ удаагийн өвлийн олимпт дэлхийн 95 орны тамирчид оролцох юм.
 Т.Төмөр

Монгол брэнд