top banner

Дуулиант хэргийн талаарх дуулиан багатай нууцыг задлав


2017-10-31 12:39:35
Зураг
XX зууны хамгийн учир битүүлэг хэргүүдийн нэг гэгддэг АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх нууц баримтуудын сүүлчийн багц болох 2891 хуудас материалыг олон нийтэд ил болголоо.

Энэ хэргийн талаарх бүх баримт 2017 оны 10 дугаар сарын 26-наас өмнө олон нийтэд ил болсон байх ёстой гэсэн шийдвэрийг 1992 онд АНУ-ын Конгресс гаргажээ. Хэдийгээр эл хугацааг хойшлуулах эрх нь Ерөнхийлөгч Дональд Трампад байсан боловч тэрбээр баримтыг ил болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин 300 орчим хуудас материалыг архиваас гаргахаас түр түдгэлзжээ. Учир нь, холбооны зарим агентлагууд эдгээр материалтай танилцахад цаг хугацаа хэрэгтэй учраас ил болгохоо хойшлуулж өгөөч гэж Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Тухайн баримтууд нь үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй гэдэг нь тодорхой болох аваас тэдгээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-нд төрийн нууцаас гаргах аж.

Юутай ч авч үлдсэн 300 орчим хуудас материалыг судлахад багагүй хугацаа зарцуулахаар байна. Учир нь, холбооны түвшний албан тушаалтнуудын бүрдүүлсэн эдгээр баримт материалуудад хөндлөнгийн хүмүүс яагаад ч ойлгохооргүй өвөрмөц этгээд хэллэгүүд олонтоо ашигласан гэнэ. Төрийн албаныхан маш ноцтой баримтуудыг дамжуулахдаа хүртэл хоорондоо элдвээр хошигнон марзганаж байсан болж таарав. 

Ер нь бол, Кеннедитэй хэрэгт холбоотой нийтдээ 5 сая гаруй хуудас материал архивт хадгалагдаж байснаас 1992 оноос өмнө 98 хувийг нь нийтэд ил болгосон байна. Үүнээс 88 хувийг нь шууд ил болгосон бол 11 хувийг нь хянан засварласны эцэст нийтэд цацжээ. Ингээд архивт нийт материалын 1 орчим хувь  нь үлдсэнийг өнгөрсөн долоо хоногт Д.Трампын шийдвэрээр “маш нууц”-ын зэрэглэлээс гаргалаа. 5 сая хуудас гэдэгт цаасан дээр бичигдсэн тайлан, мэдээллүүдээс гадна дүрс болон дуу бичлэг, кино, гэрэл зургууд орж байгаа юм.

...Кеннедийг хөнөөсөн хэргийн тухайд түүхийг товчхон сөхвөл: 1963 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын хамгийн залуу Ерөнхийлөгч Жон Кеннеди гэргий Жаклины хамт Даллас хотод зочилж, тус хотын нэгэн гудамжаар задгай машинтай зорчиж байх үед мэргэн буучийн бууны сум Кеннедигийн толгойд тусч, түүнийг хөнөөсөн билээ.

Аллага болсон даруйд марксист үзэлтэй бас орос эхнэртэй  Ли Харви Освальд гэгчийг баривчилж, түүнийг Кеннедийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутган шалгаж байв. Гэхдээ түүний буруутай нь тогтоогдоогүй юм. 1963 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Освальдыг өөр шоронд шилжүүлэхээр авч явж байх үед шөнийн цэнгээний газрын эзэн Жек Руби гэгч этгээд түүний гэдэс рүү буудан хөнөөжээ. Ж.Руби дөрвөн жилийн дараа уушигны хорт хавдраар шоронд нас барснаар мөрдөн байцаах ажиллагаа мухардалд орлоо.  

Үүний дараа Кеннедиг хөнөөсөн хэргийг Дээд шүүхийн дарга Эрл Уоррен-ы ахалсан тусгай комисс бүтэн жилийн турш мөрдөн шалгасан бөгөөд “аллагыг Ли Харви Освальд ганцаараа үйлдсэн” гэдэг эцсийн дүгнэлтийг хийсэн байна.                                                                                                                 

Хэрэг гарснаас хойш  54 жил өнгөрөөд буй өнөө үед америкчуудын 29 хувь нь “Кеннедиг Освальд хөнөөсөн” гэдэгт итгэдэг бол 62 хувь нь “Кеннеди маш том хуйвалдааны золиос болсон” үзсээр байгаа ажээ... 

 

АНУ-ын Үндэсний архивын газрын төлөөлөгчдийн хэлснээр бол, 26-ны өдөр нийтэд ил болгосон баримтууд дотор дуулиан шуугиан тарихаар зүйл байхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь нууцын зэрэглэлээс гаргасан материалуудад нэмэлт болгон ашиглах мэдээлэл гэдгээрээ л ач холбогдолтой аж. Хэдийгээр жирийн иргэд ийм их хэмжээний материалыг уншина гэдэг нь боломжгүй нь мэдээж, гэхдээ энэ нь түүхчид болон хуйвалдааны онолчдын хувьд тун олзуурхууштай баримтууд юм.

Кеннедийг хөнөөсөн хэргийн талаар “Cold Case” гэдэг ном бичсэн Геральд Познер ярихдаа “материалыг ил болгосноор ямар ч сенсаци дэгдэхгүй. Освальдаас гадна 3-4 алуурчны нэр ил болно гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд, ийм зүйл хэзээ ч болохгүй” гэдгийг онцлоод “ТТГ-т мэдээлэл өгч байсан хүмүүс албан тушаалын шатаар ахиж, бизнес нь өргөжсөн байж магадгүй. Тэгэхээр ил болгосон баримтуудад тэдний нэр дурдагдах аваас энэ нь тэдэнд ичгүүр төрүүлэх буй заа ” гэсэн байна.  

Хэдийгээр дуулиан дэгдээхээр хачин жигтэй зүйлс гарч ирэхгүй гэж байгаа боловч нэгэнт л “маш нууц” гэсэн дардастайгаар хадгалагдаж байсан учраас хүний сонирхол татахаар зүйл байж л таараа.

Үүнд юуны өмнө, Америкийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагууд Освальдын талаар хэр их зүйлийг мэдэж байсан бэ, Тагнуулын төв газар /ТТГ/, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ зэрэг байгууллагууд мөрдөн шалгах тусгай комиссоос хэр их хэмжээний мэдээллийг нууж хааж байсан бэ гэдэг нь ил болгосон материалуудаас илүү тодорхой болно.

Хоёрдугаарт, Мехико хотод ажиллаж байсан ТТГ-ын товчооноос ирүүлсэн тагнуулын мэдээнүүдийг шинжээчид маш хянуур унших болов уу. Учир нь, Ли Харви Освальд аллага болохоос хэдхэн долоо хоногийн өмнө Мексикийн нийслэлд очиж тэнд зургаа хонохдоо ЗХУ, Кубын элчин сайдын яамдтай холбоо барьж, Кеннедийг хөнөөх бодолтой явдгаа нууж хаалгүй ярьж байсан байна. Мөн Куба, ЗХУ-д зорчих виз авахаар хөөцөлдөж байсан аж.
Энэ талаар Америкийн тагнуулчид мэдэж байсан уу, мэдэж байсан бол Вашингтон дахь төвдөө мэдээлж байсан уу гэдэг нь дээрх баримтуудаас тодорхой болох магадлалтай.

Гуравдугаарт, Кеннедийг хөнөөх гэсэн Освальдын төлөвлөгөөний талаар ТТГ-ын удирдлага мэдэж байсан уу, мэдэж байсан бол АНУ-ын дээд удирдлагад энэ талаар мэдээлж байсан уу? гэх мэт асуултууд урган гарч байна.   

Ил болгосон мэдээллүүдийн дотор ЗХУ-ын КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны II Ерөнхий газрын ажилтан Юрий Носенко-той хийсэн ярилцлагын 17 файл аудио бичлэг байгаа нь судлаачдын сонирхлыг эн түрүүнд татах нь гарцаагүй. Учир нь, Ю.Носенко 1959-1962 онд ЗХУ-д амьдарч байсан Л. Освальдыг биечлэн байцааж байсан аж.

Женевт ажиллаж байсан Оросын тагнуулч Носенко 1964 оны 2 дугаар сард АНУ-д зугтан гарч, эсрэг талд мэдээлэл өгсний улмаас Оросын 300-400 тагнуулч илчлэгдэж, нутаг буцаж байсан гэдэг. Носенког хоёр талд ажилладаг тагнуулч гэж сэжиглэсэн америкчууд 1969 он хүртэл хорионд байлгаж байгаад 1970-аад оны эхээр ТТГ-т зөвлөхөөр ажиллуулах болжээ.

Түүнээс гадна оросууд, кубачуудтай нэлээд холбогддог Л.Освальд Мексикийн нийслэл дэх ЗХУ-ын ЭСЯ-ны байранд Валерий Костиков гэгчтэй уулзаж байсан нь шинжээчдийн анхаарлыг татахуйц баримт юм. Костиков нь КГБ-гийн 13 дугаар хэлтсийн ажилтан байсан бөгөөд хүмүүсийг хөнөөх, хорлон сүйтгэх ажиллагааг хариуцаж байсан бололтой.

Дээр дурдсанаар, аллагын талаарх мэдээллийг Америкийн тагнуулчид Уоррены комиссоос нуух гэж оролдож байсан бол энэ нь хамгийн ихээр сонирхол татах сэдэв болох нь ойлгомжтой. 

Нуух гэж оролдож байсныг гэрчлэх баримтууд ч байдаг. Тухайлбал, 2014 онд ТТГ-ын түүхч Дэвид Робарж ингэж өгүүлсэн байна. Уоррены комисс мөрдөн шалгалт хийж байх үед ТТГ-ын удирдлагаас тагнуулчиддаа дараах удирдамжийг өгч байжээ: Комисстой хамтран ажиллаж болно, гэхдээ идэвхгүй байдлаар хамтрах хэрэгтэй, түрүүлж санаачилга гарган комиссынхонтой уулзах шаардлагагүй, зөвхөн зарим баримт нотолгоог л тэдэнд өгөх хэрэгтэй гэх мэт.
 

Ер нь бол, ТТГ-ынхны хувьд 1963 оноос өмнө Освальдтай харилцаа тогтоож байсан, Кубын удирдагч Ф.Кастрог хөнөөхөөр оролдож байсан талаарх мэдээллүүдээ бусдад өгөх тун дургүй байв.

Тусгай албадын нэг болох ХМТ-г ч мөн адил Кеннедиг хөнөөх хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэдэг. Тухайлбал, тус товчооныхон Л.Освальдыг ЗХУ-аас ирэх үед нь түүнтэй гурван удаа уулзаж байсан бөгөөд түүнийг марксист үзэлтэй гэдгийг нь мэдэж байсан аж. Гэтэл Кеннедигийн явах замын дагуух байшингуудын нэгэнд Освальд хэрхэн нэвтэрч чадсан нь сонирхолтой. Түүнчлэн ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаныхан байшингуудын дээвэр дээр мэргэн буучдыг байрлуулаагүй, Кеннедиг задгай машинд суулган авч явсан гэх мэт хэн ч гайхмаар тохиолдлууд олон бий. 

Хуйвалдааны онолыг судлаачид аллагыг үйлдэх болсон улс төрийн шалтгааныг тайлбарлахдаа маш олон хувилбарыг дэвшүүлдэг бөгөөд тэдгээрээс ганц хоёрыг нь дурдая.  

Тухайлбал, дэд Ерөнхийлөгч Линдон Жонсоны төлөөний хүмүүс эсвэл ТТГ-ын нууц ажилтнууд Кеннедиг хөнөөсөн гэж үзэх нь бий. Кеннедигийн туслахуудын ярьснаар бол, Кеннеди Вьетнамаас Америкийн цэргийг гаргах бодолтой байсан нь нефтийн компаниудын эрх ашгийг хөндөж, дургүйг нь хүргэсэн бололтой. Харин Л.Жонсон цэрэг гаргахын эсрэг байсан бөгөөд Кеннедийг алагдсаны дараа түүнийг ерөнхийлөгч болсон даруйд Вьетнам дахь Америкийн цэргийн ажиллагаа эрс идэвхжсэн гэдэг.

Энэ мэтээр Америкийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгчийг хэн хөнөөсөн бэ гэдэг талаар дэвшүүлж буй таамаглалууд тоймгүй олон бий. Ерөнхийлөгч Д.Трамп энэ удаад 2900 орчим баримтыг нууцын зэрэглэлээс хассан нь хуйвалдааны онолчдыг хийх ажилтай болгож буй хэрэг бөгөөд тэдэнд хуйвалдааны шинэ онол зохиох сэдлийг төрүүлж ч магадгүй. Одоогоор түүхчид, судлаачид ил болгосон материалудтай дөнгөж танилцаж эхэлж байгаа болохоор цаашид Кеннедийг хөнөөсөн хэргийн талаар олон таамаглал гарч ирэх нь тодорхой.

Б.Адъяахүү
Эх сурвалж: usatoday.com, lenta.ru
 

Монгол брэнд