top banner

"Говил" багт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж байна


2017-10-30 23:45:04
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр хорооллын "Говил" багийн “Шар чулуутын энгэр” хэмээх газрын 120 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар танилцуулсан юм.
“Шар чулуутын энгэр”-т 120 га газрын хойд хэсэгт амины сууц бүхий 600 гаруй  өрхийн 2200 орчим иргэн, урд хэсэгт 5-9 давхар бүхий орон сууцанд 950 гаруй өрхийн 3400 гаруй хүн ам суурьшихаар хэсэгчилсэн төлөвлөгөө гаргажээ. 
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүтээн  байгуулалтын ажлыг ирэх жилүүдэд эхэлж 2030 он гэхэд 7000 гаруй иргэн  оршин суух шинэ суурьшлын бүс бий болно гэж тооцсон байна.
Мөн 10.1 км дулаан цэвэр усны шугам, есөн км усан хангамж, ариутгах татуурга, 10.3 км цахилгаан хангамж, 12.6 км холбоо мэдээллийн сүлжээ нэмж татах гэнэ. Үүнд 22,9 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.
Уг мэдээллийн дараа Тэргүүлэгчид хэлэхдээ, "Говил баг нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тэй ойр оршдог. Долоо хоног бүрийн баасан гаригт хийгддэг тэсэлгээ нь шинээр барих 5-9 давхар орон сууцны даацад нөлөөлөх эрсдэлтэй тул дахин судлах хэрэгтэй" гэлээ.
Иймд эл асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа. 

                                                                                                                                              Б.Оюун-Эрдэнэ 
 

Монгол брэнд