top banner

Англи хэлний бүсийн олимпиадаас ганзага дүүрэн иржээ


2017-10-30 19:12:28
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговийн  “Эрдмийн гэгээ” сургуулийнхан англи хэлний бүсийн олимпиадаас ганзага дүүрэн иржээ. 
“Говийн бүсийн аймгуудын англи хэлний олимпиад”-ыг 15 дахь жилдээ Дундговь аймагт зохион байгуулсан байна. Тус олимпиадад Говьсүмбэр, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь аймгуудын нийт 350 хүүхэд оролцжээ.

Олимпиадад Өмнөговь аймгийн “Лаборатори” нэгдүгээр сургууль, “Эрдмийн гэгээ” хоёрдугаар сургууль, гуравдугаар сургууль, “Оюуны мэлмий” дөрөвдүгээр сургууль, Цогтцэций “Мөрөөдөл” сургуулийн сурагчид оролцжээ. Тэднээс “Эрдмийн гэгээ” сургуулийн 11а ангийн сурагч И.Номиунзул алтан медаль, 11а ангийн сурагч Ө.Номуун мөнгөн медаль, 6а ангийн сурагч Эрдэнэбат хүрэл медаль, 5а ангийн сурагч Дөлгөөн хүрэл медаль, Э.Хулан тусгай байр эзэлж, багаараа хоёрдугаар байрт шалгарсан байна. 

Иргэн бүрийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх тэр дундаа дэлхийн хэл болох англи хэлийг хүн бүр сурах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Долоо хоногийн лхагва, баасан гаригт англи хэлний сургалтыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ, гадаад багш нар сурагчдад хичээл зааж, 
англи хэлний багш нарыг Энэтхэг улсад зургаан сарын сургалта хамруулж мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зэргээр хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор дэмжиж байгаа юм.

Тус хөтөлбөр хэрэгжсэний үр дүн гарч байна. БНЭУ-д туршлага судалж мэргэжлээ дээшлүүлсэн багш, түүний шавь нар говийн бүсийн аймгуудын сурагчдын дунд зохион байгуулсан олимпиадаас ийнхүү медаль хүртсэн байна.

Д.Мишигсүрэн



Монгол брэнд