top banner

Айриш Таймс: Хорт утаа "мөнх хөх тэнгэрийн орон"-ы иргэдийн амьсгалыг боогдуулж байна


2017-10-30 18:29:19
Зураг
Өвөл цаг хаяанд ирээд байгаа энэ үед монголчууд бидний “шүдний өвчин” болсон агаарын бохирдлын асуудлыг Ирландын “Айриш Таймс” сонины сурвалжлагч Дидем Тали хөндөн бичсэнийг орчуулан хүргэж байна.
 
УЛААНБААТАР. /Айриш Таймс/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод намрын нэгэн налгар өдрийн орой Цельсийн -12 градус хүрч хүйтэрч байна. Оройдоо тус хотод хэдэн мянган яндангаас  утаа савсаж, цэлмэг тэнгэрийг өтгөн хар манан бүрхэж байна.

Хотын захад орших толгодын орой дээр зогсох 46 настай Дээгий гэдэг залуу хар утаа төрөлх хотыг нь бүрхэснийг харан санаа алдана.

Улаанбаатарт шөнөдөө -15 хэм хүрч хүйтрэхээр хэдэн мянган айл өрх өглөөг хүртэл түүхий нүүрс түлж орон гэрээ дулаацуулдаг. Амны хаалт зүүсэн хэдий ч тэсгим хүйтэн, утаа хоёрыг тэсвэрлэхэд үнэндээ бэрх. Хорт утаа агаарыг бохирдуулж, гудамжны гэрэлтүүлгийн дор саарал өнгийг “бий болгоно”.

Иргэн Дээгий ярихдаа “Одоохондоо харьцангуй дулаахан, агаарын чанар тийм ч муу биш байна. Энэ юу ч биш. Та нэгдүгээр сард Монголд ирээрэй. Тэр үед агаарын чанар ямар байдгийг харж болно. Гэр хорооллын айлууд үнсээ гудамжинд гаргаад асгачихна. Үнс нь салхинд хийснэ. Улаанбаатар томоохон “үнсний сав” болж хувирдаг гэхэд хилсдэхгүй” гэв.

XVII зууны үед нүүдэлчин монголчуудын “буддын шашны төв” болон байгуулагдаж байсан Улаанбаатар хотыг өнөөдөр хүмүүс “Утаанбаатар” гэж хочилдог болжээ. Учир нь өвөлдөө энэ хотын агаарын бохирдол “түгшүүр” зарлахуйц хэмжээнд хүрч мууддаг байна.
 
Агаарын бохирдлын улмаас олон хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Дээгийгийн бэр уушгины хорт хавдартай гэж оношлогдсоноосоо гуравхан сарын дараа буюу нэг жилийн өмнө уушгины хорт хавдраар нас баржээ. Түүний нэг найз нь мөн хоёр жилийн өмнө уушгины хорт хавдраар нас барсан байна. Тэд бүгд Улаанбаатарын оршин суугчид байжээ. Архи уух, тамхи татах зэрэг муу зуршилгүй хүмүүс чухам юуны улмаас ингэж цаг бусаар нас барж байна вэ? Энэ бүхэн агаарын бохирдол, тодруулбал утаанаас улбаатай гэж Дээгий үзэж байна.

Дэлхийн банкны мэдэгдсэнээр, Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахад тус улсын ард иргэд 19-38 сая ам.долларын эмчилгээний зардал хэмнэх боломжтой аж.

Хэрвээ бид агаарын бохирдлыг арилгаж чадахгүй бол бүх мөнгөө уушгины өвчнийг эмчлэх тусгай эмнэлгүүд барихад зарцуулах болно гэж Дээгий ярьсан юм.
 
Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн
 
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот юм. Өвлийн саруудад тус хотод Цельсийн -40 градус хүрч хүйтэрдэг. 1990-ээд оны үед ЗХУ задарснаас хойш монголчууд нийслэл хотоо бараадах болсон бөгөөд өдгөө Улаанбаатарт Монголын нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна.


 
Далайд гарцгүй Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, эдийн засаг нь хурдацтай өсөх болсон хэдий ч өнөөдөр тус улсын хүн амын гуравны нэг хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Монголын хүн амын бараг 40 хувийнх нь аж амьдрал мал аж ахуй ба “борооноос хараат” газар тариалангаас хамааралтай байна. 2014 онд гаргасан “Уур амьсгалын өөрчлөлтийн индекс”-ээр, Монгол нь эрс тэс уур амьсгалын нөлөөнд өртөмтийгөөрөө дэлхийд наймдугаарт орж байв.

Бараг жил бүр тус улсын хэдэн мянган малчин амьжиргааны гол эх үүсвэр болсон малаа зудад алдаж байна. Тухайлбал, 2016 оны зуднаар 1 сая гаруй мал хорогдож, малаа алдсан малчид ажил олж хийхийн тулд олноороо нийслэл хотыг бараадах болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, хязгаарлагдмал дэд бүтэц ба нүүрсний хэрэглээ зэрэг тулгамдсан асуудлуудын улмаас Улаанбаатар нь бараг жилийн тэн хагаст бохир агаартай байдаг.

Улаанбаатарын агаарын бохирдол нь ДЭМБ-аас тогтоосон агаарын бохирдлын байж болох түвшнээс бараг 80 дахин муу байна. Мөн Улаанбаатарын агаар нь хамгийн муу агаартай гэгддэг Бээжингийнхээс тав дахин бохир байна.

Үзэсгэлэнт байгаль

Монгол нь цагтаа “Мөнх хөх тэнгэрийн орон” гэгддэг байв. ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог Зүүн Азийн энэ улс нь өргөн уудам тал нутаг, говь, уул ус, хөвч тайга хосолсон үзэсгэлэнт газар нутагтай. Гэвч өнөөдөр энэ улсын нийслэл Улаанбаатар хотын захаар гэр хороолол хүрээгээ тэлж, гол нуур хуванцар сав болон архины шил гэх мэтийн хогонд дарагдах болжээ.

Гурван хүүхдийн аав бөгөөд өмнө нь малчин байсан Э.Бямба бол Улаанбаатарын гэр хорооллын оршин суугч. Хөвсгөл нуураас холгүй амьдардаг байсан тэднийх 2007 оны зуданд бүх малаа алджээ. Тэрбээр ярихдаа “Сул дорой нь үхээд, тарга тэвээрэг сайн авсан нь үлдэнэ байх гэж бид эхэндээ найдаж байсан ч тэгээгүй. Зуданд манайх бүх малаа алдсан. Тэр жил их хэмжээний цас орсон бөгөөд малд идэх юм юу ч байгаагүй. Арайхийн хавартай золгоход манайх нэг ч малгүй үлдсэн байсан. Ингээд бид аргагүйн эрхэнд ажил олж хийхийн тулд хот бараадсан даа” гэв.

Э.Бямба одоо нэгэн блокны үйлдвэрт ажиллаж байгаа бол түүний эхнэр сургуульд үйлчлэгч хийж байна. Тэд хоёулаа Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгний /83 ам.доллар/ цалинтай.

Улаанбаатарын гэр хороололд Э.Бямба шиг 800 мянга гаруй хүн амьдарч байна. Гурван сая хүн амынх нь 25-40 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол бол дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс юм.

“Тэвчишгүй нь”

Өдгөө 40 настай  Я.Оюунцэцэг бол хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр ердөө нэг сарын өмнө мөн Хөвсгөл аймгаас Улаанбаатарт ирж суурьшжээ. Тэрбээр ярихдаа “Улаанбаатарт амьдарна гэдэг үнэндээ бэрх байна. Агаарын бохирдол, утаанаас болж хүмүүс их стресстэж байна” гэв.

Я.Оюунцэцэг 2000 оны зуднаар хонь, ямаа нийлсэн 90 малаа алджээ. Гэсэн хэдий ч өрх толгойлсон энэ ядуу эмэгтэйд тэр даруйдаа хот бараадах санхүүгийн боломж байхгүй байжээ. Тэрбээр хоёр охинтойгоо хамаатан садныхаа хаяаг бараадаж,  ямар ч орлогын эх үүсвэргүйгээр хүний гар харж, хот бараадахыг мөрөөдөн олон жилийг өнгөрүүлжээ. Харин энэ онд ууган охин нь их сургуульд орсноор бусдын тусламжтайгаар хотод орж ирсэн байна. Я.Оюунцэцэг одоо нэгэн цайны газарт угаагч хийж байна.

Мөрөөдөн мөрөөдсөөр хот руу орж ирсэн хэдий ч Я.Оюунцэцэг хотын амьдралд үнэхээр сэтгэл дундуур байна. Тэрбээр ярихдаа “Хотод амьдарна гэдэг амаргүй юм байна. Үнэхээр тэвчихийн аргагүй утаатай. Утаанд хоолой хорсож байна. Олсон хэдэн төгрөгнийхөө бараг тал хувийг эм  тариа авахад зарцуулах юм шиг байна. Охидоо яаж ийж байгаад их сургууль төгсгөчихвөл би нутаг буцна  аа” гэлээ.

Г.Доржханд

 

 

 

 

Монгол брэнд