top banner

Булган сумын ЗДТГазар шинэ байртай боллоо


2017-10-30 17:58:15
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сумын ЗДТГазар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо.
Тус сумын ЗДТГ-ын шинэ байрыг орон нутгийн төсвийн 908 сая төгрөгөөр барьж байгуулсан ба төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн "Нэг цэгийн үйлчилгээ"-тэй болсноороо онцлог ач холбогдолтой юм.
Тодруулбал хөдөө аж ахуй, байгаль орчин, халамж, нийгмийн даатгалын 10 гаруй мэргэжилтэн тус сумын дөрвөн багийн 2000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байна. 
Өмнөговь аймгийн хэмжээнд иргэдэд хүрэх төрийн ажил, үйлчилгээг сайжруулах зорилгоор сумдын ЗДТГ-ын байрыг ээлж дараатайгаар шинэчилж байна. Ингэснээр малчид, хөдөлмөрчдийг ая тухтай орчинд, хүнд суртал хүлээлтгүй төрийн үйлчилгээг авах боломжийг ийнхүү бүрдүүлж өгч байгаа юм. 
1989 онд ашиглалтад орсон сумын ЗДТГ-ын хуучин байр нь стандартын бус, өрөө тасалгаа жижигхэн, 2-3 мэргэжилтэн нэг өрөөнд суудаг байсан нь иргэд төрийн үйлчилгээ авахад нэн бэрхшээлтэй байжээ.
Мөн энэ онд тус суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Соёлын төвийн засварын ажлыг хийсэн бол ирэх онд сумын цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд