top banner

Б.Чойжилжалбуу:Хөгжлийн банк 100 сая орчим ам.доллартай тэнцэхүйц хэмжээний шинэ эх үүсвэрийг бие даан төвлөрүүлсэн


2017-10-30 11:49:31
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаа, хэтийн төлвийн талаар Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуугаас драах асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд банкны үйл ажиллагаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийн талаар яриагаа эхлэх үү?

-Банкны шинэ гүйцэтгэх удирдлагын баг 2016 оны есдүгээр сарын 20-нд томилогдож ирсэн бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал Банкны хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар батлуулсан. Өөрийн хөрөнгийн хэмжээг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, үйл ажиллагааны найдвартай байдлыг бэхжүүлсэн. 580 сая ам.долларын Евро бонд болон бусад олон улсын санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн хүүгийн болон үндсэн зээлийн төлбөрийг гэрээгээр хүлээсэн хугацаандаа амжилттай барагдуулж, хөрөнгө оруулагчдын Монгол Улс болоод МУХБ-нд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн багцыг Сангийн яам (Засгийн газар)-нд шилжүүлж, улсын төсвөөс хараат байдлыг бууруулсан. Валютын ханшийн эрсдлээс хамгаалах арга хэрэгслүүдийг ашиглахгүйгээр их хэмжээний гадаадын валютын позицийг үүсгэсэн байсан нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Уг байдлыг засахын тулд энэ онд банкны зүгээс нээлттэй позицийг боломжит хэмжээнд хүртэл бууруулах бодлого барьж ажилласны үр дүнд ханшийн огцом хөдөлгөөний улмаас үүсэх байсан бодит эрсдлээс сэргийлж чадсан. Санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн эргэн төлөлтийг хангуулахаар эрчимтэй ажилласны үр дүнд эргэн төлөлтийн гүйцэтгэл сайжирч, цаашид үйл ажиллагааг найдвартай, тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлж ажилласан.

- Хөгжлийн банкны тухай хуулиас гадна ямар хууль, дүрэм, бодлого, журмын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна?

-Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор дүрэм, бусад холбогдох бодлого болон журмуудыг ТУЗ-ын тогтоолоор тус тус баталсан бөгөөд тухайн батлагдсан өдрөөс эхлэн дотооддоо мөрдөн ажиллаж байна. Үүнд, МУХБ-ны ТУЗ-ийн тогтоолоор актив, пассив хөрөнгийн удирдлага, эрсдлийн удирдлага, зээл болон хөрөнгө оруулалтын бодлого бусад дотоод үйл ажиллагааны журмуудыг тус тус баталсан. Энэ ондоо багтаан зарим журмуудыг батлуулахаар ажиллаж байна. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Монголбанкнаас зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих болсон. Энэ хүрээнд манай банкны зүгээс сар бүр Монголбанкинд санхүүгийн тайлангаа хүргүүлж  байгаа бөгөөд тухай бүр хэрэгжилтийн үүргийн гүйцэтгэлийг хангаж буй талаар хариу ирүүлэх замаар хамтран ажиллаж байна.

-Танай банкны өмнөх жилүүдийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл ямар байсан бэ. 2017 оны хувьд жилийн эцсийн гүйцэтгэлийг хэрхэн харж байна вэ?

-Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу жил бүрийн төлөвлөгөөгөө ТУЗ-ийн хурлаар батлуулж, тухайн жилийнхээ үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог. Өнгөрсөн жилийн хувьд дотоодын валютын зах дээр үүссэн огцом хэлбэлзэл, эдийн засгийн үйл ажиллагаа удааширч ерөнхий макро орчин бидний төсөөлснөөс сөрөг байсан учраас бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл нь ТУЗ-ийн хурлаар батлуулсан төлөвлөгөөнөөс доогуур гарсан. Өнгөрсөн оны эхний хагас жилд татварын өмнөх ашиг -53.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны хувьд татварын өмнөх ашиг 14 тэрбум төгрөгт хүрч өсөөд байна. Тайлант оны хувьд өнгөрсөн жилээс ялгаатай нь зээлийн хүүгийн болоод үндсэн төлбөрийн эргэн төлөлт өмнөх жилүүдээс өндөр байгаа, мөн зээлүүдийн эргэн төлөлт сайн байгаа нь 2017 онд нэмж байгуулахаар төлөвлөсөн зээлийн эрсдлийн санг бууруулж, ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна. Банкны зүгээс гадаад валютын ханш тогтворжих хандлагатай байгаа, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгаатай холбоотойгоор жилийн эцсийн гүйцэтгэлийг өмнөх жилээс өөдрөгөөр хүлээж байна.

-Хөгжлийн банк нь тусдаа хуультай, Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд бодит нөлөө үзүүлэхүйц томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй онцгой статустай байгууллага. Та бүхний зүгээс цаашдын үйл ажиллагааны стратегиа хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 2 дугаар  сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганаар батлагдсан. Хууль шинэчлэгдэн батлагдсанаар банк нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Бид цаашдаа улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Хөгжлийн банкны оролцох оролцоог тодорхойлон Засгийн газарт танилцуулж уг оролцооныхоо хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн улсын хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах урт хугацаатай, хямд хүүтэй эх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээлээс тасралтгүй татан төвлөрүүлэх зорилготой ажиллаж байна. Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихээс гадна банк нь өөрөө санхүүгийн байгууллага учраас олон улсын хэмжээний хөгжлийн санхүүгийн байгууллага болж байр сууриа бэхжүүлэхийн тулд үйл ажиллагаандаа олон улсын жишиг стандартуудыг нэвтрүүлэх, бие даасан зээлжих зэрэглэл тогтоолгох, үйл ажиллагааны хүрээ, төрлийг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

-Хөгжлийн банк нь хуулийн дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах статустай байгууллага. Энэ заалтын хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байна вэ. Ашигтай ажиллаж чадаж байгаа юу?

-Хөгжлийн банк төрийн өмчит, ашгийн төлөө байгууллага болохын хувьд ашигтай ажиллах үүрэг хүлээдэг төдийгүй өмнө нь дурдсанчлан 2017 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар татварын өмнөх ашиг өнгөрсөн оны мөн үеэс 67 тэрбум төгрөгөөр өсч 14 тэрбумд хүрсэн байна.

Хөгжлийн банкны хувьд хамгийн том эрсдлүүдийн нэг бол гадаад валютын ханшийн эрсдэл бөгөөд банкны ашигт ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Ханшийн эрсдэл гэдэг нь олон улсын хөрөнгийн захаас гадаад валютаар эх үүсвэр татан төвлөрүүлээд, түүнийгээ бусад валютад эрсдэлийн удирдлагагүй, шууд хөрвүүлснээс үүсдэг.  Энгийнээр тайлбарлабал өнөөдөр ам.долларын эх үүсвэр татаад түүнийгээ худалдаж төгрөгт хөрвүүлсэн гэж үзье. Харин эх үүсвэрээ төлөх болоход төгрөгийн ханш суларч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөн байвал төгрөгөөрөө өмнө нь худалдсантайгаа тэнцүү хэмжээний ам.доллар худалдаж авч чадахгүй шүү дээ. Ингээд л алдагдал хүлээж эхэлдэг.

Бид дотоодын болон олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран санхүүгийн үүсмэл болон сонгодог хэрэгслүүдийг банкныхаа нөөц, боломжид тулгуурлан ашиглаж гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулан ажиллаж байна. Жишээ дурдахад Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн Самурай бондын эх үүсвэрийг бусад валютад хөрвүүлснээс үүссэн иений нээлттэй позицыг банкны өөрийн хөрөнгөтэй харьцуулсан харьцаа 2016 оны эхний хагас жилийн байдлаар -171 хувьд хүрээд байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар  -38.1 хувь  хүртэл бууруулсан нь банкны ханшийн тэгшитгэлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 дахин буурахад нөлөөлсөн. Уг үйл ажиллагааны хувьд банкны зүгээс нэмэлт зардал гараагүй бөгөөд эсрэгээрээ ханшийн эрсдлийг хаахдаа ашигт ажиллагааг нэмэгдүүлж, 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгааг дурдах хэрэгтэй болов уу.

-Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байдаг. Танай банкнаас хөрөнгө оруулалтын талаар ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Олон улсын жишгээс харахад Хөгжлийн банк зөвхөн зээл олгоод зогсохгүй хөрөнгө оруулалт хийдэг. Хөгжлийн банкуудын арилжааны банкуудаас ялгарах онцлог нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа байдаг энэ жишгээр Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тодорхой оруулсан. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын бодлогыг ТУЗ-өөс мөн баталж банк улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, эдийн засаг болон нийгмийн үр өгөөжтэй аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Танай банкны хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хэр явж байна вэ. Хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулалт хийсэн төсөл байгаа юу?

-Одоогийн байдлаар гурван компанид хөрөнгө оруулалт хийсэн. Иргэдийг орон сууцаар хангах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр “МИК холдинг” ХК-д хөрөнгө оруулалт хийсэн. Уг хөрөнгө оруулалтаас манай банк 2015 онд 538.8 сая төгрөгийн, 2016 онд 743.3 сая төгрөгийн, 2017 онд 1,453.4 сая төгрөгийн ногдол ашгийг тус тус хүртээд байна. Үүнээс гадна Засгийн газраас энэ онд шийдвэр гаргаж даалгасны дагуу Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг  дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжилтээр хангах үүрэг бүхий хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох зорилгоор Хөрөнгө оруулалтын менежментийн компанийг үүсгэн байгуулаад байна. Тавдугаар сард үйлдвэрлэгчид, ХАА болон газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тоног төхөөрөмжийн Лизингийн компани үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар ОХУ-ын  7 үйлдвэрлэгчээс ХАА-н 20 төрлийн 543 ширхэг тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэрээний дагуу түрээслээд байна.

-Хөрөнгө оруулалтын сангаас төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр ямар ач холбогдолтой вэ?

-Хөрөнгө оруулалтын сан буюу институциональ хөрөнгө оруулагчид олон улсад санхүүгийн зах зээлийн гол тоглогчид байдаг. Тухайлбал Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан Гэрэгэ бондын 70 гаруй хувийг сангууд худалдан авсан байсан. Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар төслүүдийг харьцангуй урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилтээр хангах нөхцөл бүрдэнэ. Манай банкнаас эхний ээлжинд Ногоон эдийн засгийг дэмжих болон Дэд бүтцийн томоохон төслүүдэд санхүүжилт хийх зорилго бүхий сангуудад гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтран хөрөнгө оруулалт хийхээр судалж байна. Хөрөнгө оруулалтын сан манай хувьд шинэ ойлголт юм. Эрх зүйн орчин нь тодорхой хэмжээнд бүрэлдсэн ч одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь цөөн байна. Хөгжлийн банкны тухайд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, тогтолцоог Монгол Улсад бий болгоход тэргүүлэн оролцож, жишиг стандартыг тогтоох нь зүй ёсны асуудал гэж ойлгож байна.

-Хөгжлийн банк дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Хөгжлийн банк дотоодын банк, санхүүгийн байгууллагуудтай хэд, хэдэн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь Монгол банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй дотоодын арилжааны банкнуудад  Хөгжлийн банкны нөөц хөрөнгийг үр ашигтайгаар, эрсдлийн төвлөрлийг бууруулах чиглэлийг баримтлан байршуулах юм.

Мөн өнгөрсөн хугацаанд дотоодын арилжааны банкнуудаар дамжуулан нийт 1600 гаруй төсөл хөтөлбөрт нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ингэж хямд нөхцөлтэй эх үүсвэрийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нарт олгож, санхүүжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлснээр эрсдэл, өгөөжийн зохистой төвшинг хангаж ажиллах боломж бүрдсэн.

Өмнөх жилүүдэд зарим арилжааны банканд эрсдэлийг хэт төвлөрүүлсэн байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд нэг банкнаас хамааралтай эрсдлийг бууруулж, зохистой төвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Хөгжлийн банкны зүгээс ойрын үед олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох уу?

-Хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээл дээр 2 удаа нээлттэй болон хаалттай хэлбэрээр 580 сая ам.доллар болон 30 тэрбум иений үнэт цаасыг тус тус амжилттай арилжаалсан. Өчигдөр гэхэд Монгол Улсын Засгийн газар 8 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс татахаар болсон бөгөөд үнэт цаасны хүү харьцангуй боломжийн 5.625 хувийн хүүтэй байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал үргэлжлэн сайжирч, зээлжих зэрэглэл өссөнөөр Хөгжлийн банк нь дахин олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болно гэж үзэж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банкийг хэрхэн харж байгаа бол хүлээлт ямар байна вэ?

-Олон улсын хөрөнгө оруулагчид юунд голчлон анхаардаг вэ гэсэн асуултад эхлээд хариулъя. Энэ бол нэгт санхүүгийн сахилга бат хоёрт санхүүгийн сахилга бат, гуравт мөн л санхүүгийн сахилга бат.
Санхүүгийн сахилга баттай байдлыг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл болох эх үүсвэрүүдийн эргэн төлөлт, авсан зээлээ хугацаанд нь төлж чадаж байгаа байдал юм.Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.2 тэрбум ам. долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлт хийж гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр улирлаас өнөөдөр хүртэл нийт татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэрийн 60 гаруй хувийг төлж барагдуулсан байна. Үүний үр дүнд зах зээлийн нөхцөл байдал хүндхэн байсан хэдий ч 2017 онд нийт 100 сая орчим ам.доллартай тэнцэхүйц хэмжээний шинэ эх үүсвэрийг бие даан БНСУ болон ОХУ-ны банк санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлснээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамтран ажиллах санал тасралтгүй ирж байгаа нь Монгол Улс хийгээд Монгол Улсын Хөгжлийн банкинд итгэх итгэлийн үзүүлэлт хэмээн харж байна.

-Одоогийн байдлаар Хөгжлийн банк ямар эх үүсвэр дээр ажиллаж байна вэ?

-Хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын стратегийн томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт олгохоор Кредит Свисс банктай хамтран 300 сая ам.доллар бүхий Монгол Улсын хамгийн анхны Синдикат зээлийг амжилттай босгосон. Мөн түүнчлэн БНХАУ-ын Хөгжлийн банктай 162 сая ам.долларын зээлийн гэрээ, тус улсын Экспорт-Импорт банктай 109 сая ам.долларын зээлийн гэрээ, ОХУ-ын Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа, хөгжлийн банктай (Внешэконобанк) 20 сая ам.долларын зээлийн гэрээ, ВТБ банктай 300 сая ам.долларын зээлийн шугам, Олон улсын Хөрөнгө оруулалтын банктай 20 сая Еврогийн зээлийн гэрээ, АНУ-ын Каргил санхүүгийн байгууллагатай 75 сая ам.долларын зээлийн гэрээ, ХБНГУ-ын Коммерц банктай 13 сая ам.долларын зээлийн гэрээг тус тус байгуулан санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэн ажиллаж байна. Мөн түүнчлэн энэ оны 10 дугаар сард хөдөө аж ахуйн салбарын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төслийн дахин санхүүжилтэд зориулан ОХУ-ын Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа Хөгжлийн банктай (Внешэконобанк) 10 сая ам.долларын зээлийн шугам амжилттай байгуулж, эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн. Одоогийн байдлаар Олон улсын Хөрөнгө оруулалтын банктай 30 сая еврогийн санхүүжилт, БНХАУ-ын Хөгжлийн банктай 78 сая ам.долларын санхүүжилт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд Ази, Номхон далайн орнууд болон Европын холбооны улсуудын банк санхүүгийн байгууллагуудаас хямд өртөг бүхий эх үүсвэрийг татан төвлөрүүлэхээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн он гарсаар 2017 онд нийт 100 сая орчим ам.доллартой тэнцэхүйц хэмжээний дунд, богино хугацаат эх үүсвэрийг гадаадын банк санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг тодорхой түвшинд дэмжиж ажиллалаа.

-Эх үүсвэр татан төвлөрүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлүүд юу байна вэ?

-Өмнө нь манай банк гадаад зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлэхдээ ихэнх тохиолдолд Засгийн газраас дэмжлэг авдаг байсан бол хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирснаар бид өөрийн санхүүгийн чадавхи дээр суурилан бие даан эх үүсвэр татан төвлөрүүлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд тавигдаад байна. Бид цаашид өөрийн бие даасан байдлаа батлан харуулснаар ОУВС Хөгжлийн банкийг Засгийн газраас тусдаа байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд манай банкны үйл ажиллагаа улам бүр тэлэх боломжтой болно гэж үзэж байна.

-Та бүхний цаашдын үйл ажиллагааны зорилгоосоо товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээж Хөгжлийн банк анх байгуулагдсан зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ шинэ удирдлагын багийн хувьд тавьсан зорилгодоо зөв замаар хүрэх зарчмыг баримталж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Бидний хувьд цаашид Олон улсын хөрөнгийн зах зээлээс дунд болон урт хугацаатай, өртөг багатай эх үүсвэр татан төвлөрүүлж холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд Засгийн газраас баталсан хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, макро эдийн засгийн төвшинд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилттой ажиллаж байна.

Монгол брэнд