top banner

София гэдэг ухаалаг робот Саудын Аравийн харьяат болжээ


2017-10-27 15:59:11
Зураг
ЭР-РИЯД. /ТАСС/. София хэмээх нэртэй ухаалаг робот Саудын Аравид болсон “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлага” нэртэй бага хурал дээр амжилттай үг хэлснийхээ дараа  иргэний харьяалал олж авсан дэлхийн анхны робот боллоо гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч орон болох Саудын Арави нь хөрөнгө оруулагчдад зориулж эдийн засгийн шинэтгэлийн "Хэтийн төлөв 2030" хөтөлбөрийг танилцуулжээ. Уг хөтөлбөрт ирээдүйн техник технологи, тэр дундаа робот техникийн салбарт олон тэрбумын хөрөнгө оруулах тухай санал тусгагдсан байна.
 
“Саудын Аравийн вант улсад баярлалаа. Саудын Аравийн иргэний харьяалалтай болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би иргэний харьяалалтай болсон анхны робот болсноороо бахархаж байна” гэж София робот  хэлжээ.

“Хутганы ирэн дээгүүр гүйгч 2049” кинонд гардаг шиг хүн төрөлхтнийг устгахыг хүсдэг муу роботуудад хэрхэн ханддаг вэ гэж хэлэлцүүлгийг чиглүүлэн хөтлөгч Софиягаас асуухад “Та холливуудын кино хэтэрхий их үзэж, Илон Маскийг уншиж дээ” гэж ухаалаг робот хошигнон хариулсан байна. Тэрээр хүмүүс шиг байхыг хүсдэг гэдгээ хэлээд, уйлах болон инээх чадвартайгаа харуулжээ. 
Э. Аянзаяа

Монгол брэнд