top banner

Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл


2017-10-27 11:14:14
Зураг
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явсан 27 уулчны 17 нь амь үрэгдлээ. Одоогоор цасан нуранги хэрхэн яаж үүссэн талаар эцсийн дүгнэлт гараагүй байна.

Ер нь нарийн ширхэгтэй  цасан хунгарны өнгө хөндөгдөхөд гүн цуурч нуралт үүсдэг бөгөөд  тэндээс эх авсан их хэмжээний цас, мөс, хад, чулуу, уулын уруу хурдтайгаар нурах үзэгдлийг цасны нуранги гэж хэлдэг байна. Ер нь  нуранги нь салхи шуурганы улмаас 30 см-ээс дээш зузаантай шинэхэн цасан хунгар тогтсоноос хойш 24 цагийн дотор хамгийн эгзэгтэй  цаг  мөч гэж үздэг аж. Ийм нөхцөлд үүссэн нуранги таван секундын дотор 130 км/цаг хүртэл хурдалдаг гэж бичиж, тэмдэглэжээ. Цасан нурангинд дарагдагсдыг 15 минутын дотор ухаж гаргавал 93 хувь нь амь аврагдана. Тухайлбал 45 минутын дараа бол 20-30 хувь нь амьд гарах магадлалтай. Хоёр цагаас хойш амьд үлдэх хүн эрс цөөрдгийг олон жилийн статистикийн  тоо баримт харуулдаг. Цасны нуранги нь өвлийн болон мөнх цаст уулын бүсэд үүсдэг үзэгдэл.

Харин жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд байгалийн үзэгдэл дөрвөн өөр араншин гаргадаг гэлтэй.

Тухайлбал өнгөрсөн зун  6 дугаар сарын 29-ний 21-23 цагийн хооронд Булган, Орхон аймгийн нутагт  аянга бууж, цахилгаан цахилан, азарган бороо орж, том том мөндөр буусан юм.  Буусан мөндөр гуу жалгандаа 30-40 см зузаан  хунгар үүсгэсэн байна. Тэрхүү мөндрийн диаметр нь нэг см  түүнээс дээш байсан байна. Байгалийн үзэгдэл нь төв суурин газраас алс болсон тул тухайн үеийн салхины хурд, буусан тунадасны хэмжээ цаг уурын станцад тэмдэглэгдэж үлдээгүй. Харин хамгийн ойр байдаг Орхон аймгийн Эрдэнэтийн станцад 2017 оны 6 дугаар сарын 29 –ний өдрийг 26-29 хэмийн дулаан гэж тэмдэглэгджээ. Харин урьд өдөр нь энэ бүс нутагт бороо орсон тухай УЦОШХ-ийн архивт тэмдэглэгдэн  үлдсэн байх юм. Конекцийн гаралтай, нөөлөг салхины үзэгдэл гэж түүнийг хэлэх боломжтой гэж   УЦОШХ-ийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л. Оюунжаргал хэлсэн билээ.

Болсон явдлыг энгийнээр тайлбарлавал, хөрсөн дээрх хэт халалт, түүн дээр бороо орж чийг өгөх, хүрээлэн байгаа өндөр уулсын нөлөөлөл байх боломжтой гэж  мэргэжилтнүүд үздэг аж. Үүлний зузаан ердийн үед 1000 м байдаг. Харин тэрхүү  үзэгдэл болсон  тухайн газарт, тухайн цаг үед  үүлний зузаан 10 мянган метр болж хуримтлагдсан, үүлэн дэх   хөдөлгөөн эрчимсэн байж, ийм нөхцөлийг үүлний хөгжил  гэж нэрлэдэг гэнэ. Түүнийг   авч үзвэл  дотооддоо  өгсөх, уруудах процесс аж.  Ийм үед үүлэн дэх усны дуслууд хасахаас нэмэх рүү, нэмэхээс хасах руу  эрчимтэй шидэгдэх явцад  мөстөж биет болон гадаргуу үүсгэдэг. Үүссэн гадаргуун дээр усан дуслууд нэмэгдсээр мөстөн мөндөр болон  газарт бууж ирдэг гэж ойлгож болох гэнэ.

Хүн ам сийрэг хот суурин газар цөөн, Монгол орны хувьд ийм үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог. Тэр бүхнийг гамшиг гэж үзэхгүй. Гэхдээ бага орон зайд болсон дээрх байгалийн  үзэгдэлд Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ОБЦТС)-ний цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унаж, гэрэл цахилгаан тасарч, тэнд сэргээн босголт явагдсанаар гамшиг болон хувирсан юм. Түүнээс биш хүн ард, нийгэмд эдийн засгийн хохирол үзүүлээгүй нөхцөлд цасан нуранги аянга, цахилгаан цахиж, хүчтэй салхилан, азарган бороо орж, том том мөндөр буух нь байгалийн  үзэгдэл болох юм.

ОБЦТС тулгуур баганыг сэргээн зөөвөрлөх хийгээд материалын зардалд  төсвөөс 426 сая 249 мянга 500 төгрөг гаргасан байна. Ер нь оны эхний найман сард байгалийн гамшиг, малын шүлхий, цэцэг өвчнийг эмчлэх бодит хохирлыг нөхөн төлөх тухайн голомтод ажилласан албан хаагч иргэдийн томилолт, урамшуулалд 2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвөөс 6 тэрбум 678 сая 176 мянга 400 төгрөг гарсан байна.

Нийгмийн хөгжлийн түүх гамшигтай байнга холбогдон иржээ. Эдгээр нь  хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн амьдралын хэвшлийг  өөрчлөх нь бий, түүнээс гадна үнэт зүйлс устах, хүмүүс  үй олноороо амь насаа алдах шалтгаан болж байсан байх юм. Аймшигт тохиолдлын  улмаас бүхэл бүтэн улс, гүрэн, соёл иргэншил мөхөж байхад, нөгөө бүс нутагт  дахь ард түмэнд өсөн дэвжих  нөхцөл олгож байсан байх жишээтэй.

Байгалийн гамшигт үзэгдлээс үүсэх хохирол нь улс орон бүрийн өөрийгөө хамгаалах чадавхаас хамаарч янз бүр байдаг гэж судлаачид үзсэн байна. Ер нь гамшиг ослын улмаас  дэлхийд жилд 3 сая хүн амь насаа алддаг, жилийн хохирол нь 50-100 тэрбум ам. долларт хүрдэг болохыг  судлан тогтоожээ .
Гамшгийг хүн материаллаг баялаг, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол  учруулж, нийгмийн хэвийн  амьдралыг удаан хугацаагаар алдагдуулсан үзэгдэл гэж   улс орон бүр нэгдсэн ойлголтод хүрч тодорхойлсон аж

Хүмүүсийн суурьшлын  бүсэд  үер буух, мөндөр орох, галт уул дэлбэрэх, газар хөдлөх  зэрэг байгалийн үзэгдэл нь гамшиг болон хувирдаг байна.                                                                                              Г. Эрдэнэбат
 
.

Монгол брэнд