top banner

Жон Маккейн: Ойрхи Дорнодын талаарх стратегийн бодлого АНУ-д алга


2017-10-26 15:25:34
Зураг
ВАШИНГТОН./The New York Times/. Энэ сард Киркук хотын орчимд Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн ба курдын дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон нь курдын ард түмнийг дэмжсээр ирсэн АНУ-ын хувьд ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал байлаа. Бодит байдал ямар их сэтгэл түгшээм, илүү өргөн цар хүрээтэй болсныг эл мөргөлдөөн харуулж байна. Хэдийгээр “Лалын улс”-ын эсрэг тэмцэлд тактикийн амжилт олсон боловч АНУ-ын хувьд Ойрхи Дорнодын талаар баримтлах стратегийн цогц бодлого алга.  
 
Энэ бол Обамагийн засаг захиргаанаас дараагийн хүндээ үлдээсэн таагүй өв юм. Ерөнхийлөгч Д.Трамп энэ сард үг хэлэхдээ Ойрхи Дорнод дахь Ираны хорт нөлөөг сөрөн зогсох өргөн цар хүрээтэй стратегийн бодлого боловсруулахыг уриалсан билээ. Энэ нь өөдрөг бодлыг төрүүлж байгаа бөгөөд учир нь, Трампын засаг захиргаа асуудал үүсээд байгааг олж харсан байна.  
 
Уг мэдэгдлийг хийснээс хэдхэн хоногийн дараа Ираны "Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус"-ын “Эль-Кудс” гэдэг элит ангийн захирагч Касем Сулеймани гэгч Киркук хотын орчимд үзэгдэх болж, курдуудын байрлал руу хийх дайралтыг зохион байгуулах болов. Дайралтад Иранаас дэмжлэг авдаг иракчууд оролцсон бөгөөд тэднийг Иракийн аюулаас хамгаалах хүчинд  нэмэлт хүч болгон илгээсэн байна. Давшилтын үеэр Иракийн зарим анги нэгтгэлүүд АНУ-аас нийлүүлсэн цэргийн техникүүдийг ашиглажээ.
 
Энэ бол огт байж боломгүй зүйл юм. “Лалын улс” бүлэглэлтэй тулалдаж, Иракийг гадны аюулаас хамгаалах зорилгоор Иракийн цэрэгт АНУ зэвсэг нийлүүлж байсан болохоос бус бүс нутаг дахь Америкийн хамгийн найдвартай, байлдах чадвартай холбоотон болох курдуудын эсрэг довтол гэж энэ зэвсгийг өгөөгүй билээ. Хэдэн арван жилийн туршид АНУ курдуудтай холбоотон байгаа нь тэдэн рүү Иракийн дотроос болон гаднаас довтлох аюулаас хамгаалж байгаагаас гадна энэ холбоо нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцдэг. Сүүлийн жилүүдэд курдууд АНУ-ын улам бүр ойрын холбоотон болж, “Лалын улс” бүлэглэлийн эсрэг хамтран тулалдаж байгаа билээ.

  
 
Би өөрийнхөө бодлыг маш тодорхой хэлье: Хэрвээ Багдадын эрх баригчид курдуудэд аюулгүй байдал, эрх чөлөө, сайхан амьдрах боломжийг олгох чадахгүй бол, хэрвээ АНУ-ын хувьд Ираны дэмжлэгийг хүлээдэг отрядууд болон бидний эртний холбоотнууд болох курдуудын аль нэгийг нь сонгох шаардлагатай болох аваас би курдуудын талд зогсох болно.
 
Киркукт дэгдсэн мөргөлдөөн нь АНУ-ын хувьд олон жилийн туршид шийдэж чадахгүй байгаа маш хэцүү асуудлын гаднах байдлаар илэрч буй шинж тэмдэг юм. Ойрхи Дорнодын бүс нутагт бий болсон дэг журам маш хурдан сулран ганхаж байна. Тэнд Америкийн хүч нөлөө суларсан нь сүүлийн 8 жилийн хугацаанд АНУ бүс нутаг дахь оролцоогоо хумьж ирсэнтэй холбоотой.  Үүний улмаас хоосон орон зай үүсч, түүнийг нь Америкийн эсрэг хүчнүүд эзлэн авлаа.
 
Өмнөх болон одоогийн засаг захиргаа нь “Лалын улс” бүлэглэлийг даран устгахад гол анхаарлаа хандуулж байсан. Энэ нь мэдээж маш чухал. Гэтэл бидний дайснууд үүнийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж байна.
 
Энэ зун Мосул хотыг чөлөөлснийхөө дараа Иракт америкчууд ялалтандаа бялуурч буй энэ үед иранчууд Иракийн дотоодод зөрчлийг өдөөн бий болгожээ. Иран улс элдэв арга заль хэрэглэн Иракийн улстөрчдийг АНУ-ын эсрэг хандуулахыг оролдож байна. Ирэх онд Иракт болох сонгуулийг америкчуудын хувьд стратегийн ялагдал болгож, тэдний тус улс дахь нөлөөг сулруулахыг иранчууд оролдож байгаа юм.
 
Сири дэх Асадын дэглэм Орос, Иран, “Хезболлах”-ын дэмжлэгтэйгээр тус улсын газар нутгийн ихэнх хэсгийг, түүний дотор АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой зүүн районуудыг хяналтандаа оруулжээ. Сирийн ирээдүйн хувь заяа хүч хэрэглэх замаар шийдэгдэж байхад АНУ түүнд санаачилга гарган оролцохгүй байна.  
 
Ираны гар хөл бологчид, тоглоомын этгээдүүд болон холбоотнуудын асар том аалзны шүлс Газрын Дундад тэнгисээс Аравийн хойг хүртэл Ойрхи Дорнодыг бүрхэн авчээ. Энэ аалзны шүлс нь бидний түнш, холбоотон орнуудын тогтвортой байдал, тэдний газар нутаг болон далайн тээврийн аюулгүй байдалд заналхийлж байна. Иран улс баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, хөрш орнуудаа сүрдүүлж, хориг суларсныг далимдуулан зохисгүй зорилгодоо хүрэхийн тулд мөнгө олж байна.  
 
Манай араб холбоотнууд Катартай дипломат маргаанд орооцолдчихлоо. Гэтэл энэ бүс нутагт үүнээс илүү ноцтой асуудлууд бий. Энд Путиний Оросын муу ёрын сүүдэр тусч байна. Тус улс бүс нутагт дахин хүчирхэгжиж, Америкийн ашиг сонирхлын эсрэг идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, энгийн хүн ардын амь нас гэдгийг огтхон ч тооцож үзэхгүй байгаа юм.

Энэ бол маш ээдрээ төвөгтэй асуудал. Америкчууд бидэнд маш том сорилт тулгарчээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ойрхи Дорнод бол ирээдүйд олон улсын аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт амин чухал бүс нутаг байх болно. Өдгөө Америкийн эсрэг байгууллага, бүлэглэлүүд Ойрхи Дорнод дахь Америкийн нөлөөг сулруулахыг оролдож байна. Энэ зорилгоор тэд террористууд, зэвсэгт этгээдүүдийг дэмжиж, бидний найз нөхдийг айлган сүрдүүлж, тэдний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, биднийг дипломат талбараас шахан гаргаж, бүс нутагт цэргийн зэвсэг техник илгээсээр байна. Үүний улмаас АНУ-ын хувьд өөрийн оролцоог хадгалах нь улам бүр хэцүү болсоор байгаа юм.
 
Хэрвээ бид удаан хугацаанд нойрмоглосон байдалтайгаар өмнөх бодлогоо баримтлах аваас ойрын ирээдүйд нойрноосоо сэрэх үедээ дэлхийн маш чухал бүс нутагт Америкийн нөлөө гэж нэгэнт үгүй болсныг анзаарах болно. Ийм учраас америкчууд бид Ойрхи Дорнодод өнөөдөр юу болж байгаа талаар бодох хэрэгтэй. Ийм учраас   тактикийн ашиг сонирхлоос давж гарсан стратегийн бодлого бидэнд хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгтэй болж байна.  
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: https://www.nytimes.com/2017/10/24/opinion/john-mccain-kurds-iraq.html?_r=0

Монгол брэнд