top banner

Пёнчаны Цагаан олимп технологийн дэвшлээр дэлхий нийтийг гайхуулна


2017-10-25 13:22:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд хамгийн их зорчдог улс орныг БНСУ тэргүүлэх болсон. Олон ангит кино, К-поп хөгжмийн урсгалаар монголчуудад хэдийн танил болсон энэ улсад эдүгээ 36 мянга гаруй нутаг нэгтэн минь ажиллаж, амьдарч байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Энэ сарын 16-20-нд зөвхөн телевизээс л харж байсан Солонгос улстай танилцах боломжийг тус улсын ГХЯ хэсэг сэтгүүлчдэд олгосон юм. 
Энэ бол миний хилийн чанадад ажиллах хоёр дахь томилолт байв. Ингээд уншигч танд  БНСУ-д  аялахдаа үзсэн, харсан, бахархсан гайхсан басхүү "Монголд нутагшуулахсан" хэмээн бодсоноо багтаасан бичлэгээ хүргэж байна. 
МИАТ-ын “БОИНГ 737” онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 13 цагт хөөрч, хоёр цаг 50 минут агаарын тээврээр зорчсоны эцэст БНСУ-ын Инчеон нисэх буудалд газардав. Хилээр нэвтрэх дараалалд зогсч, зарим нэгнийгээ хүлээж, ойролцоогоор хоёр цаг орчмын дараа онгоцны буудлаас гарахад биднийг “Чоум Чором” аяллын компанийн хөтөч Сунь Уг Хва угтан авч, Намсан цамхагийн зүг хүлгийн жолоо заллаа.
"Бид хамгийн таатай налгар намрын үеэр айлчилж байгаа аж. Одоо яг ажлын цаг дуусч байгаа тул зам бага зэрэг түгжрэлтэй байгаа” гэсээр хөтөч маань Сөүл хотын талаар товч танилцуулав. Зам түгжрэлтэй байгаа бол өнөөдрийн аяллын хөтөлбөр багагүй оройтох бололтой гэсэн бодол зурсхийсэн боловч санасныг бодвол шуурхай явсаар зорьсон газраа хүрэв. Аялалд гарахын өмнө танил маань “2008 онд Сөүлд очиход энэ хотын гудамжаар өдөрт 4 сая автомашин зорьчдог гэж байсан, одоо ч хэд дахин нэмэгдээ биз дээ” гэж байсан нь ийнхүү бодоход хүргэв. Сөүл хотыг хөндлөн гулд туулсан хэдэн арван километр автозам, голын болон давхар гүүр, нүхэн гарц зэрэг нь манайхтай харьцуулахад энэ хотын түгжрэлийг бүрэн шийдсэн шиг санагдсан. Жолооч нар тэр бүр урсгал солихгүйгээр жигд урагшлах нь мөн л хөдөлгөөний ачааллыг эрс багасгаж байх шиг.
 
“Монголын Зайсан”

Энэ мэтийг эргэцүүлэн бодох зуурт бид Намсан цамхагт ирлээ. Сөүл хотын төвд байрлах уг цамхаг 236 метр өндөр бөгөөд далайн түвшнээс дээш 236 метрийн өндөрт байрлах Намсан ууланд оршино.  Ингэснээр тус цамхагийн оргил далайн түвшнээс дээш 480 метрт байрлах тул Сөүл хотыг бүхэлд нь тольдох боломжтой. Энэ газар Сөүлд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газруудын жагсаалтад зүй ёсоор багтдаг. Цамхагийг 1969 оноос барьж эхлэн 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үеийн ханшаар 2.6 сая америк долларын хөрөнгө зарцуулжээ. Биднийг тус газарт очиход цагийн зүү 20.00-д зааж гадаад, дотоодын жуулчны хөлд дарагдсан байлаа. Цамхагаар орж дээд давхарт нь хүрэхэд цахилгаан шатаар ердөө 30 секунд зорчино. Цахилгаан шатны дээд хэсэгт байрлуулсан дэлгэцэнд Сөүлээс хөөрч, нарны аймагт хүрч байгааг харуулах дүрс бичлэг гарах нь сансарт хөөрч буй мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Энэ нь цахилгаан шатны хурд төдийгүй Солонгосын хамгийн анхны өндөр цамхагт гарч буйг илэрхийлж буй аж. Сөүл хотыг бүхэлд нь тольддог гэдэг утгаар нь бид энэ газрыг “Монголын Зайсан” хэмээн нэрийдсэн юм. Ерөөс гадаадын улс орноор аялахад юм бүхнийг Монголтойгоо харьцуулах, ижил төстэй байгууламж харагдвал “Өө энэ чинь манай хотын тэр хэсэгтэй ижил юм байна” гэх мэтээр тогтоох нь амар байдаг. Бидний аялал ч энэ л хэв маягаар үргэлжилсэн юм. Цамхагийн дээд хэсэгт гарахад цонх бүрт орон орны нийслэлээс Сөүл хүртэлх зайг бичсэн байх агаад “Улаанбаатар-Сөүл 1987.69 километр” гэсэн бичиг нүдэнд тусахад баярласан гэж жигтэйхэн.
Цамхагт байрлах бас нэгэн сонирхолтой хэсэг бол "Padlocks of Love" буюу хэдэн мянган цоож зүүсэн хэсэг. Энд хосууд ирж өөрсдийн хайр сэтгэлийн бэлгэдэл болгон цоож зүүдэг байна. Ингэснээр үүрд хамт байх бэлгэдэлд итгэдэг аж. Намсан цамхагийг үзэж сонирхсоны эцэст бидний хэдэн сэтгүүлчид дурсгалын зураг татуулж "нарны аймаг"-аас эргэн газрын хөрсөнд бууж Рамада зочид буудалд хүрлээ.
 
XVII зуунаас эхтэй арлын маргаан



Аяллын хоёр дахь өдрийн өглөө Дугду арлын музейг зорив. Хөтөлбөрт энэ музейг үзэхээр тусгасан нь бас учиртай. Өөрөөр хэлбэл, энэ арлыг Солонгос, Япон улс өөрийн газар нутагт хамаарна хэмээн маргадаг. Арлыг Солонгосоор Дугду, Японоор Такэшима хэмээн нэрийддэг. Музей Дугду арлыг Солонгосын газар нутагт хамаарна гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилоор 2012 онд байгуулсан бөгөөд бидний аялал ч энэхүү зорилгын нэгээхэн хэсэг байсан юм. Музейд Дугду арал Солонгос улсад хамаарна гэдгийг батлах боломжтой гэсэн бүхий л баримтыг дэлгэжээ. Тухайлбал, 512 онд Шилла буюу Солонгос улс Дугду арлыг эзэлсэн тухай түүхийн тэмдэглэл, 1667 оны Японы түүхийн ном, 18 дугаар зууны үеийн газрын зураг зэрэг хэдэн арван баримт сэлт байв.
XVII зууны үед Дугду арлын орчимд  Солонгосын загасчид загасчилж явахдаа Японы загасчидтай таарсан байна. Энэ үеэс эхлэн Дугду арлын маргаан эхэлсэн талаар дээрх баримтуудад дурьдаад, эртний Солонгос, Японы түүхийн ном, зохиол болон төрийн захирамж, тушаал шийдвэрүүдийг мөн баримтжуулан тавьжээ. Арал Солонгосын газар нутагтай хамгийн ойр буюу 80 гаруй км бол, Японоос 157.5 км зайд оршдог, чулуулаг ихтэй тул хүн амьдрахад төдийлөн тохиромжтой бус. Гэсэн хэдий ч энэхүү арлыг Солонгосын газар нутагт хамаарна гэдгийг батлах зорилгоор тус газарт Солонгосын хоёр иргэн амьдардаг байна. Дээрх хоёр иргэнд үйлчлэхээр төрийн гурван албан хаагч арал дээр ажилладаг бөгөөд нийгмийн бүхий л үйлчилгээг хүргэдэг аж.
 
Ямар ч тохиолдолд төрийн эрх мэдэл ард түмний гарт

Музейтэй танилцсаны дараа биднийг БНСУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ну Гюү Дог хүлээн авч уулзаж, оройн зоог барив. Тэрбээр өмнө нь Монгол Улсад хэд хэдэн удаа ирж байснаа дурсаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээхэн санаа зовдог талаар дурьдаад Монголын нийслэл ойролцоогоор 10 жилийн дараа Сөүл хотын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байна гэв. Энэ үгийг бид аялалд гарахын өмнө БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун хүлээн авч уулзахдаа 30 жилийн дараа Сөлүл хот шиг болно хэмээн хэлж байсныг санав. Ну Гюү Дог өнгөрсөн онд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гынь Хэг огцруулсан үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв. Тухайн үед Пак Гынь Хэ авлигын хэрэгт нэр холбогдсон бөгөөд түүнийг огцруулахыг шаардсан лаатай жагсаал 20 орчим удаа болж, 10 сая гаруй иргэн оролцсон. Үүний үр дүнд Пак Гынь Хэ огцорч, одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгогдсон. Энэ үйл явдлаас хойш Солонгосчууд “Ямар ч тохиолдолд төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг” гэдгийг маш сайн ойлгосон гэв.
Мөн Мүн Жэ Инийг Ерөнхийлөгч болоход түүнийг дэмжигчдийн тоо нийт хүн амын 30 хувьтай тэнцэж байсан бол эдүгээ 70 хувьд хүрсэн нь түүнийг үүрэгт ажлаа ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж байгаагийн илрэл гэдгийг дурьдсан юм.
Уулзалтын төгсгөлд тэрбээр бидний орчуулагчаар ажилласан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ажлын албаны Захиргааны ажилтан З.Хэрлэнг “Та Солонгос хүн үү” хэмээн андуурав. Ерөөс ноён Ну Гюү Догоос эхлээд уулзсан хүн бүр түүнийг “Солонгос хэмээн андуурна. Солонгос хэлээр ямар сайн ярьдаг юм бэ. Огт ялгагдахгүй байна шүү” хэмээн гайхширна. Солонгост богино хугацаагаар ердөө хоёр удаа ирж байсан З.Хэрлэн бидний тав хоногийн аялалд өнгө нэмж, Монгол хүний үнэ цэнийг ихээхэн өргөж өгсөн юм.
Пёнчаны өвлийн олимпийн бэлтгэл ажил дуусчээ



Маргааш нь бид Сөүлээс зүүн зүгт автобусаар гурван цаг давхиж Пёнчанд хүрэв. Эдүгээс 30 орчим жилийн өмнө Сөүл хот Зуны олимпийг зохион байгуулж байсан бол энэ өвөл, бүр тодруулбал Өмнөд Солонгосын зүүн хойд нутгийн хамгийн өндөр, уулархаг хэсэгт орших Пёнчан хотод 2018 оны хоёрдугаар сарын  09-18-нд “цагаан” хэмээх тодотголтой өвлийн олимп, гуравдугаар сарын 09-18-нд Паралимп болно. Бидний нөхөд өвлийн олимпийн бэлтгэл ажилтай танилцахаар зорьж яваа минь энэ. 2011 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны 123 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр  тус хорооны Ерөнхийлөгч Жак Рогги 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Пёнчан хотод олгох болсныг зарласан билээ. Ийнхүү 2010, 2014 оны олимпийн эрхийн төлөө өрсөлдөөд, тухай бүртээ Ванкуэр  Сочид ялагдсан БНСУ-ын Пёнчан хот гурав дахь оролдлогоороо зорилгоо биелүүлж чаджээ.
“Өвлийн олимп 12 цэнгэлдэх хүрээлэнд спортын долоон төрлөөр, 102 тэмцээн уралдаан болно. Одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил бүрэн дуусч, “Тест эвэнт” буюу туршилтын арга хэмжээг хэд хэдэн удаа зохион байгуулжээ. Бэлтгэл ажлыг бүрэн хангахад төрийн зүгээс ихээхэн анхаарсан бөгөөд ОУОХ-ноос өндөр үнэлгээ өгсөн байна. Олимпод орон орны нийт 6500 гаруй тамирчин, багш дасгалжуулагч оролцоно хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор эрх олгох тэмцээнүүд дуусаагүй байгаа тул эцсийн тоог хараахан гаргаагүй байгаа” -г тайлбарлагч хэлж байв. 
2011 оны чуулга уулзалтын үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггигийн өргөж байсан Пёнчан хотын нэр бүхий хавтанг олимпийн сурталчилгааны байрны үүдний хэсэгт байрлуулжээ. Мөн олимпийн төрлүүдийг харуулсан хөшөө тэргүүтнийг босгосон байх бөгөөд бүх хөшөөнд спортын жинхэнэ хувцас өмсгөсөн харагдана. Учрыг тодруулбал, Солонгосын өвлийн спортын алдартай тамирчдын бэлэглэсэн хувцас аж. Энэ хот олимпийн бэлгэ тэмдгээ цагаан бар болон бор баавгайг сонгосон байна. Үүнийг сонгох болсон нь шалтгаан нь эртний үлгэр домогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголчуудын дээд өвөг Бөртэ Чоно, Гуа Маралын домогтой төстэй бар, баавгайн тухай домгоос энэхүү бэлгэ тэмдгийг сонгосон гэнэ.
Пёнчан хот уулархаг гэдгийг би дээр дурьдсан. Тиймээс энэ бүс нутагт солонгосын өвлийн спортын тамирчид  ирж бэлтгэл хийдэг, өнгөрсөн 7 жилийн хугацаанд сэргээн засварлаж, зарим нэг барилга байгууламжийг шинээр босгосон байна. Гэхдээ Пёнчанд мөсний спортын төрлүүдийг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн учраас зарим барилга байгууламжийг тус хотоос 30 минутын зайд, харьцангуй нам дор газар орших Ганнынд байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Пёнчанд уулын цана, биатлон, бобслей, чарга, гүйлтийн цана, цанын үсрэлттэй үзүүлбэрүүд болно. Харин Ганнын хот дахь спорт цогцолборт шайбтай хоккей, кёрлинг, тэшүүр, уран гулгалтын тэмцээн болох юм. Олимпийн барилга байгууламжуудыг бүхэлд нь байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэж байгааг тайлбарлагч дурьдлаа. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн цахилгааныг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэж байгаа. Нөгөөтэйгүүр олимпийн нээлт хаалт болох ордны бүх суудлыг нэг удаагийн хэрэглээнийх байхаар бүтээсэн бөгөөд дараа нь дахин боловсруулах боломжтой.
Мөн технологийн дэвшлийг ч ихээхэн ашиглаж байгаа аж. Олимпийн үеэр спорт ордны мөсийг хайлуулахгүйн тулд ордон хүйтэн байх ёстой. Гэвч энэ нь үзэгчдэд тухгүй. Энэ асуудлыг тун ухаалгаар шийдсэн нь үзэгчдийн бүх сандал доороосоо халдаг байхаар шийджээ.Түүнчлэн тэшүүр болон уран гулгалтын тэмцээн нэг танхимд болно. Спортын төрлөөс хамааран мөсний хатуулаг чанар өөр байх шаардлагатай. Тиймээс мөсний хатуулаг чанарыг гурван цаг тутамд өөрчлөн хөлдөөх төхөөрөмжийг талбайн доод хэсэгт суурилуулсан байв. Түүнчлэн Нийслэл Сөүлээс Пёнчан хүртэл машинаар гурван цаг туулах 200 гаруй км замыг товчлох хурдны галт тэрэг, төмөр замын бүтээн байгуулалт дуусч, туршилтын тээвэрлэлтээ ч амжилттай хийжээ. Энэхүү бүтээн байгуулалтын хүчинд Пёнчан хүртэлх замыг ердөө 30-40 минутад туулах юм. Бусад автозам засвар, арчлалтын ажлууд ойрын хугацаанд бүрэн дуусна. Харин олимпод зориулан барьсан барилга байгууламжийг цаашид бэлтгэлийн төв болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулахад зориулан ашиглах аж. Үзэгчдийг суудлаас өндөлзүүлдэг өвлийн олимпийн нэг төрөл бол “Sky jump”. Далайн төвшнөөс дээш 700 метрт байрлах Пёнчанд салхины хурд хамгийн багадаа 10 метр секунд байна. Тиймээс энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулахад ихээхэн хүндрэлтэй. Энэ нь ч олоимпийн эрхийн төлөө өрсөлдөхдөө хоёр удаа өвдөг шороодоход нөлөөлсөн нь гарцаагүй. Тиймээс гурав дахь удаа өрсөлдөхдөө “Ski Jump”-ын талбайг салхины хаалттай барих санал гаргасан нь амжилттай хэрэгжсэн хэрэг. Энэ дагуу өнгөрсөн онд "Alpensia Ski Jump" хэмээх 98 болон 125 метр урттай зам бүхий, 13500 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн байгуулжээ. Цэнгэлдэхийн баруун болон зүүн талаар байрлуулсан шон хооронд хаалт татахаар төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 1.4 тэрбум вон буюу Монгол мөнгөөр 3 тэрбум орчим төгрөг зарцуулжээ.
Олимпийн тасалбар захиалгыг гадаадын орнуудаас тухайн орны итгэмжлэгдсэн аялал жуулчлалын компаниудаар дамжуулан авч байгаа бол, Солонгос улсад https://tickets.pyeongchang 2018.com болон олон нийт ихээхэн цуглардаг газруудаар борлуулах аж.  Ирэх сарын 06-наас олимпийн тасалбар борлуулах цэгүүдийг нээх бөгөөд нийт нэг сая тасалбар борлуулна. Энэ ажилд бүх салбарын алдартнуудыг татан оролцуулж байгаа бөгөөд үүний нэг нь тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин. Тэрбээр очсон улс болгоныхоо төрийн тэргүүнд  албаны хүмүүст өвлийн олимпийн наадмыг сурталчилж, бэлгэ тэмдгийг нь бээлэглэж байгаа аж. Мөн өнгөрөгч  сарын 5-нд уран гулгалтын тэмцээн үзэхээр онлайнаар тасалбар захиалж байгаа зургаа цахим хуудсанд байршуулж, "2018 оны 2-р сар. Та бүхэн энэ үед хаана байх бол? Тэгвэл бүгдээрээ Пёнчан -2018 өвлийн олимпийн үеэр уулзацгаая" хэмээн бичжээ.
Үүнээс гадна өвлийн олимпийг сурталчлах олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь  Пёнчан хот, Хан Вон Ду мужтай хамтран хэрэгжүүлж буй “Dream program” хөтөлбөр. Энэ хөтөлбөр өвлийн спортоор хичээллэх боломж багатай улс орны хүүхдүүдийг 2004-2017 онд 83 орны 1919 хүүхдийг хамруулсан байна. Тэндээс тамирчны гараагаа эхэлсэн хүүхэд ч олон байгаа аж. 
Ийнхүү бидний нөхдийн БНСУ-д сурвалжлах үндсэн ажил энэ сарын 19-нд дууссан. БНСУ-д байх сүүлийн өдөр хүний газар очсон улс байна, явсан газрын идээ ундаа, гар цайлгах бэлэг сэлтхэн авч, цүнхээ багагүй түнтийлгэснээр өдрийг өнгөрөөж, 19.00 (Сөүлийн цагаар) цагийн нислэгээр Инчеон олон улсын нисэх буудлаас Улаанбаатарыг зорив.
 
Солонгосоос тээсэн дөрвөн хүсэл

Мэдээж нэн тэргүүнд автозам. Бичвэрийн эхэнд дурьдсанчлан энэ улсад автозамын дэд бүтэц маш сайн хөгжсөн. “Болдог бол автозамыг нь хуулаад аваад явчих юмсан” гэсэн бяцхан наргиан ч бидний дунд өрнөсөн. Автозамын хөгжилтэй зэрэгцээд түгжрэл тодорхой хэмжээгээр буурахаас гадна иргэдийн автозамын хөдөлгөөнд оролцох соёл туйлын чухал. Эгнээ байраа солихгүй, бусдын өмнүүр улайран дайрахгүй урсгалаа даган явах нь автозамын ачааллыг хэд дахин бууруулна. Энэ жишиг Солонгост хэдийн тогтжээ. Манай нийслэлд ч сүүлийн жилүүдэд автозамын бүтээн байгуулалт өрнөж, гудамж замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийж байгаа. Хэдийгээр энэ орны хэмжээнд хүрэх болоогүй ч бид өөрсдийн оролцоотойгоор нийслэлийн иргэдийн бухимдлын нэгээхэн хэсэг болсон түгжрэлийг сааруулж чадах мэт.
Хоёрдугаарт, үйлчилгээний соёл. Аль ч байгууллагаар орж, гарахад “Сайн байна уу” хэмээн мэндчилж, “Баярлалаа, баяртай. Дараа дахин үйлчлүүлээрэй” гэж үдэнэ. Ямар нэгэн бараа худалдаж авалгүй гарсан ч адил. Түүнчлэн үйлчлүүлэгчид ч мэндчилж, талархал илэрхийлнэ. Мэдээж манайд үйлчилгээний соёл тодорхой хэмжээгээр нэвтэрч байгаа хэдий ч зарим нэг дэлгүүр хоршооны худалдагчид бохь зажилж, өөдөөс хүндэтгэлгүй хандах, бараа авахгүй гарахад бараг загнах нь холгүй өнгөрдөг нь нууц биш.
“Инээж чадахгүй бол дэлгүүр нээгээд яах вэ” гэдэг дээ. Хэн ч ирсэн инээгээд угтвал тухайн хүн тэр бүр уурлаад байхгүй нь тодорхой. Түүнчлэн өөртэй нь хүндэтгэлтэй ханддаг дэлгүүр, хоршоогоор дахин үйлчлүүлэхэд хэн бүхэнд таатай байх бусуу. Тиймээс энэ соёлыг худалдагчаас эхлээд худалдан авагч хүртэлх бүх хүмүүст түгээмээр санагдсан.
Гуравдугаарт, иргэдийн соёл. Энийг Сөүлд очсон хүн бүр хамгийн түрүүнд анзаарна. Иргэд нь автобус, метронд суухдаа бусдыгаа хүндлэн дараалалд зогсоно. Олны дунд тамхи баагиулан алхах хүн ч үзэгдэхгүй. Гудамж талбайд хэдэн метрийн цаана тамхины цэг буйг заасан сум олон. Тиймээс тамхичид  зөвхөн тамхины цэгт л очино. Бүр электрон тамхиа хүртэл цэгт татаж байгаа харагдсан. Манай улсад Тамхины хяналтын тухай хууль байгаа хэдий ч хэрэгжиж байгаа нь ховор. Нэг талаас харахад төр хуулиа хэрэгжүүлэхэд анхаарахгүй байгаа мэт. Харин нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн ухамсар, соёл туйлын чухал.
Дөрөвдүгээрт, аялал, жуучлал. Энэ бол харин иргэдийн ухамсар гэхээсээ илүү төрийн бодлого. Үнэнийг хэлэхэд бид Намсан цамхагаас өөр жуулчдын очдог төв газраар төдийлөн яваагүй. Гэхдээ Сөүлд анх очиж байгаа гадаадын иргэн анзааргатай л байвал тэр бүр төөрөөд байхгүй. Автобусны буудлаас эхлээд булан бүрт газрын зураг, явах чиглэл бүхий самбар байршуулсан харагдана. Барилга байгууламжийн хаяг Солонгос болон Англиар тун эмх цэгцтэй байна. Биднийг аялалд гарахын өмнө Элчин сайд У Сун хүлээн авч уулзахдаа “Солонгост аялал жуулчлал хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байгааг та бүхэн очоод л анзаарах болно. Энэ жишгийг Монголд ч нутагшуулаасай" гэж байв.Мөн тэрбээр, Монголд аялахад байгалийн үзэсгэлэнт газар, музей зэргийг нарийн заасан зураглал байдаггүйээс болж жуулчид тэр бүр Монголын сайхныг үзэж чаддаггүй хэмээв. Мэдээж түүний хэлсэн нь газрын зураг төдийхнөөр хязгаарлагдахгүй. Гэхдээ л бид энэ мэт энгийн ажлыг хийх нь зайлшгүй юм.
Ч.Ариунболд

Монгол брэнд