top banner

Б.Батзориг: Өвөлжилтийн бэлтгэл 50 хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт


2017-10-23 16:24:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажил болон ургац хураалтын явцтай танилцаж үүрэг чиглэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах хэрэгтэй байна. 11 дүгээр сар гарах гэж байхад орон нутгийн  өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Мөн ОХУ-аас өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхайлах хэрэгтэй байна. Тулгамдаж буй асуудал байвал шат, шатандаа шийдвэрлэж эрчимжүүл” гэлээ.
Тэрбээр цаашид салбарын яам, төр болон ТББ-ууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагаагаа тэлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ. Ажил зөвхөн хуулийн хүрээнд явна. Өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг эргэн шуурхай танилцуулдаг байх ёстой. Сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулж ажиллахыг  яамны газар, хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тонн гар тэжээл, 425.0 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 53.0 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 50-иас дээш хувьтай байгаа юм.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар  14.4 мянган тонн өвс буюу 46.6 хувьтай, 2.6 мянган тонн тэжээл буюу 22.4 хувьтай бэлтгэсэн  байна.

Б.Заяа

Монгол брэнд