top banner

АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 эрхэм хамтдаа буяны тоглолт үзжээ


2017-10-23 12:59:06
Зураг
ХЬЮСТОН. /Америкийн дуу хоолой/. Саяхан АНУ-ыг дайрсан хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах санхүүжилт босгох зорилго бүхий урлагийн тоглолтыг тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван эрхэм үзэж сонирхжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, хар салхинд нэрвэгдсэн Техас, Луизиана муж улс болон Пуэрто-Рико арлын оршин суугчдад туслах зорилго бүхий, өнгөрсөн бямба гарагт болсон уг тоглолтыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер, Билл Клинтон, Барак Обама, эцэг ба хүү Буш нар үзэж сонирхсон байна. Тоглолтод поп дуучин Лэди Гага тэргүүтэй уран бүтээлчид оролцсон аж.

Америкчууд ядарсан нэгэндээ туслахад хэзээд бэлэн гэдгийг нотлон харуулж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч асан Ж.Картер тоглолтыг үзсэн хүмүүст уриалахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байжээ.

Энэ таван Ерөнхийлөгч тэр бүр олон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцоод байдаггүй юм. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2013 онд Жорж У.Бушийн нэрэмжит Ерөнхийлөгчийн төвийн нээлтийн арга хэмжээнд тэд хамтдаа оролцсон гэнэ.

Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажлыг сэтгэлээрээ дэмжиж буй тэдэнд Ерөнхийлөгч Дональд Трампын талархал илэрхийлсэн агуулга бүхий урьдчилан бэлтгэсэн дүрс бичлэгийг тоглолтын танхимд үзүүлжээ.

Тоглолтыг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан энэ таван эрхмийн дэмжлэг, уриалгын ачаар 31 сая доллар босгоод байгаа аж. Энэ мөнгийг хар салхины улмаас орон гэрээ алдсан хүмүүст туслахад зарцуулах юм.
Г.Доржханд



Монгол брэнд