top banner

11 настай охин "Америкийн хамгийн шилдэг залуу судлаач" болжээ


2017-10-20 10:49:38
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хар тугалгаар бохирдсон усыг илрүүлэх хурдан шуурхай бөгөөд хямд өртөг бүхий аргыг олсон 11 настай сурагч охин "Америкийн хамгийн шилдэг залуу судлаач" болжээ.

Өөрсдийн олсон санаагаа улам бүр боловсронгуй болгохоор гурван сарын турш эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан, сүүлийн шатанд тунаж үлдсэн 10 хүүхдээс Гитанжали Рао хэмээх 11 настай охин шилдгээр шалгарсан байна. Тэрбээр усанд хар тугалга агуулагдаж буй эсэхийг олж илрүүлэх нүүрстөрөгчийн нанотөхөөрөж зохион бүтээсэн аж.

АНУ төдийгүй дэлхийн олон улс орны ундны усанд хар тугалга агуулагдаж байна гэсэн мэдээлэл байдаг билээ. АНУ-ын Мичиган муж улсын Флинт хотод 2014-2015 онд хар тугалгатай ус уусны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Гитанжали Рао охин дээрх төхөөрөмжийг бүтээхээр шийдсэн аж.

Генетикч эсвэл халдварт өвчин судлаач болохыг мөрөөддөг Гитанжали Рао охин энэ төхөөрөмжөө улам боловсронгуй болгож, зах зээлд гаргахыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. “2017 оны шилдэг залуу судлаач”-аар тодорсон тэрбээр 25 мянган долларын мөнгөн шагнал авсан гэнэ.
 
 Г.Доржханд

Монгол брэнд