top banner

М.Ахмет Язал:Энэ жилээс эхлэн Турк сургууль төгсөгчдийн гэрчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй


2017-10-18 16:51:42
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тэрбээр сэтгүүлчидтэй 6 сарын дараа дахин уулзаж буйдаа талархал илэрхийлээд сонирхсон асуултад хариулахад татгалзах зүйлгүй гэснээр уулзалт ярилцлага хэлбэрээр үргэлжилсэн юм.

-Туркийн парламентаас орон даяар зарласан онц байдлыг гурван сараар сунгасан гэсэн мэдээлэл байна. Энэ нь хоёр орны харилцаанд хүндрэл учруулах уу. Тус улсаар зорчиж буй Монголчуудад хэрхэн нөлөөлөх бол?

-2016 онд Турк Улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүнтэй холбогдуулж анх онц байдал зарласан юм. Төрийн эргэлт хийх оролдлогын цаана Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн хэсэг бүлэг хуйвалдаанч хүмүүс байсан. Эдгээр хүмүүс маш олон жилийн хугацаанд өөрсдийгөө олон улсын, хүмүүнлэгийн, энэрэнгүй, сайн дурын хөдөлгөөнтэй холбоотой гэх мэтээр танилцуулж ирсэн. Тус хөдөлгөөн Турк Улсад 1972 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Онц байдлыг Фетто террирост байгууллагатай тэмцэх гэж шинээр гаргаж ирсэн зүйл биш. Энэ нь 1982 оны Туркийн Үндсэн хуулинд тусгасан нэгээхэн заалт юм. Онц байдал зарласнаар тус улсад амьдарч буй гадаадын иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд халдах үндэслэл болохгүй. Түүнчлэн онц байдал зарласнаар хоёр улсын харилцаанд болон Монгол Улсаас Турк Улсад зорчиж буй оюутнууд болон иргэдэд нөлөөлөхгүй.

-Монголд Туркийн хөрөнгө оруулалттай хэдэн сургууль байдаг вэ. Сургууль төгсөгчдийн боловсролын гэргчилгээг хүчингүй болгосон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Фетто террорист байгууллага нь дэлхийн 160 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад таван сургууль байдаг. Эдгээр сургуулиудтай адил статустай 800 гаруй сургууль дэлхийн улс оронд бий. Сургуулиудыг шууд Турк Улсад хамааралтай гэж ойлгох нь буруу. Яагаад гэвэл энэ сургуулиуд нь манай улсын Засгийн газар болон боловсролын байгууллагатай ямар нэгэн хамааралгүй. Тиймээс энэ жилээс эхлэн эдгээр сургууль төгсөгчдийн гэрчилгээг Турк Улс албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй болсныг дахин хэлмээр байна.

Тэдгээр таван сургуульд сурч буй сурагчид, эцэг эхчүүд, ажиллаж буй ажилтнуудыг хохироохгүй байх талаар ямар гарц байгаа талаар төр засгийн удирдлагуудтай ярьж байна. Боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь Монгол Улсын иргэдэд итгэхгүй байна гэсэн үг биш. Харамсалтай нь Турк Улсад төрийн эргэлт зохион байгуулахаар оролцсон террорист бүлэглэлд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог төлбөртэй хувийн сургуулийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө өөрсдийнхөө хоолойг боож буй явдал юм. Монгол Улсад буй эдгээр сургуулийг хаах биш сургалтын чанарыг сайжруулах, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийн сацуу нууц бүлэглэлтэй холбоотой багш, удирдлагуудыг сургуулиас зайлуулах, террирост байгууллагыг санхүүжүүлж байвал түүнийг таслан зогсоох явдал юм.

-Хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, бараа эргэлт ямар түвшинд байна вэ?

-Хоёр улсын харилцаа бүх шатанд өндөр түвшинд хүрсэн ч гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа тухайн түвшинд хүрэхгүй байна. Бидний хүсч буй тоо бол гадаад худалдааны эргэлтийг жилд 300-500 сая ам.долларт барих зорилготой. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт хоёр улсын хооронд 25 сая ам.доллар байсан бол энэ жил 35 сая ам.доллар болсон. Гадаад худалдааны эргэлтэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байдаг. Бүгдийг нь шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. Туркийн компаниудын хувьд Монголд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах нь ашиггүй буюу зах зээлийн хувьд хангалтгүй гэж үзэх нь элбэг байдаг. Гэвч бодит байдал тийм биш. ХАА, МАА, Аялал жуулчлалын салбар нь Туркийн компаниудын хувьд маш боломжтой зах зээл юм. Монгол Улсад барилгын зах зээл, дэд бүтцийн салбарт Туркийн компаниуд орж ажиллах боломж бий.

Юуны түрүүнд Монгол Улс өмнөө тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг давж гарах шаардлагатай. Сарын хугацаанд хоёр улсын хоорондын тээврийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Учир нь манай улсын хувьд аливаа улс орнуудтай гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд тухайн улстай “Туркиш эйрлайнс компани шууд нислэг үйлддэг байх, Дипломат төлөөлөгчийн газар нээсэн байхад анхаардаг.
Хоёр улс бол түүх соёлын өргөн харилцаатай ард түмэн. Туркийн  эртний түүх энэ нутгаас эхэлдэг. Өчигдөр л гэхэд эртний Түрэгийн үед хамаарах бунхан Булган аймгаас олдсон. Мөн Орхоны хөндий, мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө гэхчлэн соёлын үнэт дурсгалууд аймаг бүрт бий. Тиймээс Турк Улсаас Монголд жуулчид ирэх хамгийн том суурь нь болж өгнө. Монгол-Туркийн хооронд шууд нислэг хийхэд 1200 ам.доллар зарцуулдаг учир жуулчид өндөр үнэ төлөх шаардлагатай болдог. Тиймээс бид өдөр бүр шууд нислэг үйлдэх хүсэлтэй байна. Тэгвэл тийзний үнэ 25-30 хувь хямдарна. Ачаа тээврийн нислэг нэмэгдсэнээр Турк Улсаас Монголд орж ирэх бараа бүтээгдэхүүн, Монголоос Туркт импортлох арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Тэгэхээр агаарын тээврийн зардал 20-25 хувь хямд болох юм. Монгол Улсад ирэх гадаадын зорчигчдын тоо жилд 35-40 мянгаар нэмэгдэх хүлээлт байна. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирэх боломжтой. Энэ нэмэлт суудлыг зарахын тулд “Туркиш эйрлайнс” компани Монгол Улсын гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх хэрэгцээ гарна. Шууд нислэгийн давтамжийг нэмснээр Монгол Улсын эдийн засагт шууд бусаар оруулах орлого  100-150 сая ам.доллараар нэмэгдэнэ.

Мөн шууд нислэг үйлдсэнээр Истанбулаас Улаанбаатар хүртэл 6 цаг нисэх боломжтой. Энэ нь Бишкекийн агаарын тээврийн үйлчилгээ Улаанбаатарт төвлөрнө гэсэн үг. Ингэснээр “Туркиш эйрлайнс” компани агаарын тээврийн үйлчилгээ авснаар Монгол Улсад жилд 50-60 сая ам.долларын орлого оруулна. Тээврийн дэд бүтцэд ахиц гаргахгүйгээр хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх боломжгүй. Бидний баримталж буй бодлого бол “Туркиш эйрлайнс” компани нислэгийн чиглэлээ нэмэгдүүлснээр орлого олох бус, шууд нислэг бий болсноор энэ хөрсөн дээр хоёр улсын гадаад худалдаа нэмэгдэх, Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчид, тэдгээрийн үйл ажиллагааг хялбарчлах үндсэн зорилготой.
 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд