top banner

Н.Цэрэнбат: Дэлхийн жишиг болсон гурван арга замыг агаарын бохирдол бууруулахад ашиглана


2017-10-18 16:29:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын УИХ-ын гишүүн Намсрайн Цэрэнбатыг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэнээ танилцуулав.
Дараа нь нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн дийлэнх нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн ажиллах талаар асууж, лавлаж байв.
Мөн хөрсний бохирдлыг бууруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар байгалийн унаган төрхийг хамгаалах, шинэ стандартуудыг бий болгох, уул уурхайн нөхөн сэргээлтэд анхаарах, аялал жуулчлалын Үндэсний хөтөлбөрийг батлах, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудалд зөв, оновчтой бодлого барьж, хариуцлагатай ажиллахыг сануулж байв.
Тухайлбал Д.Тэрбишдагва гишүүн “БОАЖЯ үндсэн чиг үүргийн яам болсон. Дэлхий нийт байгаль орчны асуудлыг дэлхийн бодлого болгон явуулж байна. Тийм учраас Монгол Улс байгаль орчныхоо асуудалд онцгойлон анхаарч үндсэн чиг үүргийн яам болгосон. Энэ салбарт залуу, эрч хүчтэй хүн нэр дэвшиж байна. Хамгийн хариуцлагатай салбар шүү гэдгийг маш их анхаарах хэрэгтэй” гэлээ.
Сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат дээрх санал, асуултад “Монголчууд байгалиа шүтэж дээдэлж ирсэн. Миний очиж буй энэ салбарт хамгийн талархууштай нь улс төржилтгүй гэж ойлгож байгаа. Ус, агаарын бохирдол гээд нөхцөл байдал нүдэн дээр ил байдаг. Байгаль орчны асуудал бол салбар дундынх. Хүний нөлөөллөөс болоод уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт байгалийн гамшиг болж байгаа нь үнэн. Үүнээс ангижрахын тулд шинжлэх ухааны ололтыг ашиглана гэдэг хэлэлцээрт нэгдчихсэн байгаа.
Агаарын бохирдол хэн хүний санааг зовоосон асуудал болсон. Утаанаас салах дэлхийн нийтийн жишиг бол орон сууцжуулах, газ ашиглах, дулаанаар хангах арга зам байдаг. Үүнтэй холбогдуулж шөнийн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт үзүүлж, өнгөрсөн онд 114.000 иргэн хамрагдсан. Цахилгаан, дулааны зуухаар халааж байж бодит үр дүн гарна. Үр дүнгийн үргэлжлэл нь энэ өвөл мөн гарах байх гэж бодож байна. Мөн түүхий нүүрснээс салах ёстой. Бид шидтэн биш учраас үр дүнгээ харахын тулд хугацаа хэрэгтэй.
Уул уурхайн салбарт бүгд нийлээд хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Хариуцлагагүй ААН-үүдийн үйл ажиллагаанаас болж 2017 онд гэхэд 4265 га газар эвдэрсэн байна. Үүнийг нөхөн сэргээхэд 80-100 сая төгрөг хэрэгтэй болж байна. Тиймээс хариуцлагыг нэмэгдүүлж, хуулийн хүрээнд л ажиллаж чадвал асуудлыг шийдвэрлэж болно” хэмээн хариулж байв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 88.2 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Намсрайн Цэрэнбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томиллоо. 

Намсрайн Цэрэнбатын намтар

Төгссөн сургууль, мэргэжил
 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

Ажилласан байдал
 2000-2001 онд Мобиком корпораци
 2003-2004 онд “Таван богд” групп
 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд