top banner

Налайхын залууст "Нийслэлийн иргэний зөв 10 дадал"-ыг танилцуулав


2017-10-18 15:22:56
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аяны хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ,  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран  Налайх дүүргийн Соёлын ордонд “Эерэг амьдарцгаая”  сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 220 гаруй оюутан залуус оролцсон бөгөөд  “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын  дарга С.Сүх-Очир ярихдаа, "Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг. Улс орны хөгжлийг урагшлуулах залуусын сэтгэлгээнд нөлөөлөх  “Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ыг боловсруулан гаргасан. Эл  сургалтаар зөв 10 дадлыг танилцуулахаас гадна залуус эерэг сэтгэлгээ, хандлагатай байснаар ямар өөрчлөлт гарах вэ сэдвийн хүрээнд санал солилцсон.  Манай газар холбогдох байгууллагуудтай хамтран  залуучуудын хандлагыг эерэг болгох нөлөөллийн ажлуудыг нийслэлийн есөн дүүргийн залуучуудад сургалтаар өгч буйн нэг нь энэ юм. Түүнчлэн  “Их хотын соёл” хэмээх төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хотын амьдрал, соёл,  иргэдийн хэвшил дадлыг харуулсан 40 минутын  24 анги бүхий цуврал нэвтрүүлгийг гаргахаар ажиллаж байгаа. Цуврал нэвтрүүлгээр дамжуулан хотын иргэд болон залуусын  хандлагыг өөрчлөхийг зорьж буй юм" гэлээ.
 
 Б.Заяа

Монгол брэнд