top banner

Өмнөд Солонгосын археологичид Монголоос 2000 жилийн настай мумми олж илрүүлжээ


2017-10-17 10:45:30
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын археологичдын баг Монголын баруун нутгаас 2000 орчим жилийн настай, хятад хувцас өмссөн эрэгтэй хүний муммийг олж илрүүллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Соёлын өв судлалын хүрээлэнгээс даваа гарагт гаргасан мэдэгдэлд “Энэ оны 5-6 дугаар сард манай улсын археологичид Монголын судлаачидтай хамтран Алтайн нурууны Шивээт хайрхан орчимд хамтарсан судалгаа хийх явцдаа 165-170 см өндөр эрэгтэй хүний булшийг олж илрүүлсэн” гэжээ.

Энэ хүнийг эртний худалдааны маршрут болох “Торгоны зам”-ын дагуу аялж байсан худалдаачин эсвэл Хятадаас цагаачлан Монголд суурьшсан хүн байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Аль нь болохыг тодруулахаар судлаачид ажиллаж байгаа аж.

Мөн одоогоор Монголын Археологийн судалгааны төвд хадгалагдаж байгаа муммийн хувцсыг энэ сард Өмнөд Солонгост аваачин ДНХ-гийн шинжилгээ хийхээр төлөвлөж байна гэж “Ёнхап” агентлагийн мэдээнд дурджээ.
Г.Доржханд 

Монгол брэнд