top banner
Шуурхай мэдээ

Яс, аргалын үнсийг давсаар баяжуулан эрдэст тэжээл хийхийг зөвлөв


2017-10-12 21:32:50
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Малын ясыг шатааж үнсийг нь нунтаглан аргалын үнс болон бор давстай хольж малын эрдэст тэжээл бэлдэх талаар “Биологи, биотехнологийн мэдээлэл, сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, ХАА-н ухааны доктор С.Дүгэрсүрэн залуу малчдад зөвлөлөө.

Сүүлийн үед малын бие давжаарч байгаа талаар малчид ярьдаг болсон бөгөөд энэ нь кальци фосфорын дутагдал, түүнчлэн ган, зудын давтамж ойр ойрхон тохиодогоос мал гүйцэд сайн тарга тэвээрэг авч чадахгүй байгаагаас шалтгаалж байгааг доктор С.Дүгэрсүрэн тайлбарлаж байна. Тиймээс малд эрдэст тэжээл зайлшгүй бэлдэж өгөх хэрэгтэй гэсэн юм.
Эрдэст тэжээлийг бэлдэхэд гарын дор бэлэн байх зүйлсийг ашиглана. Тухайлбал, малын ясны үнс, аргал эсвэл модны үнс, бор давсаар тэжээл хийдэг байна. Яс, аргалын үнс, бор давснаас адил тэнцүү хэмжээтэй бага багаар хийж сайтар хутгаж холино. Үүнийгээ бусад тэжээл, өвсийг баяжуулан малаа тэжээнэ.

Эрдэст тэжээл малын гэдсэнд үүссэн хортой хийнүүдийг өөртөө шингээж гадагшилдаг бөгөөд ялангуяа хээлтэй малаа тэжээхэд ургийн ясжилт сайжирдаг байна. Яс дагаж мах гэдэг учраас энэ тэжээлийг малчид өөрсдөө бэлдчихсэн байхад өртөг зардал шаардах хэрнээ тун үнэтэй тэжээл болно гэдгийг доктор С. Дүгэрсүрэн залуу малчдад зөвлөсөн юм.

Түүнчлэн үйлдвэрээс гардаг багсармал тэжээлийг баяжуулж малаа тэжээх хэрэгтэйг хэлсэн. Багсармал бол эх орны нэгдүгээр дайны үед морин цэргийн морьдыг тэжээхэд зориулж гаргасан тэжээл. Үүнээс хойш багсармалыг өндөр ашиг шимт үнээ, гахай, шувууны аж ахуйд ашигладаг болсон бөгөөд амин дэмт ургамалаар баяжуулбал хамгийн сайн тэжээл болдог гэлээ.
Жишээлбэл, таана, хүмүүл уураг ихтэй. А витаминаар баялаг. Халгай С витамин ихтэй бол овъёос нүүрс ус, эрдэнэ шиш сахарын агууламж сайтай. Эдгээрийг хатааж жижиглэн багсармалд хольвол малын тэжээлийн ашигт найрлага хэд дахин нэмэгдэх ажээ.

Үүнийг малчин бүр хийдэг байх хэрэгтэйг зөвлөсөн энэ сургалтыг өнөөдөр малчны хотонд хийсэн юм. Аймгийн МСҮТ  ХХҮГ-ын малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдан малжаад байгаа залуу малчдад зориулан мал аж ахуйгаа эрсдэлгүй эрхлэхэд чиглэсэн үе шаттай сургалт зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит сургалтаараа малын тэжээл хэрхэн бэлдэх талаар ийнхүү танилцуулсан юм.

Т. Отгонтуяа

Монгол брэнд