top banner
Шуурхай мэдээ

Гадны мэргэжилтнүүд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нэгжтэй болохыг зөвлөв


2017-10-12 17:18:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд  14 банк, 1500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн тооцоо бий. Монголбанкинд  жилдээ санхүүгийн асуудлаар 260 гаруй гомдол хэрэглэгчээс ирдэг байна. Тэгвэл энэ санал гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхзүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх ёстой гэдэгт “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах-зохицуулалт, хяналт, Банк санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлын төлөөлөгчид төвлөрөв.
Өнгөрсөн жилээс Монголбанк Азийн хөгжлийн банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр “Шангрилла” зочид буудлын хурлын танхимд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах-зохицуулалт, хяналт, Банк санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулсан юм.
Тус бага хуралд Австрали, Итали, Япон, Хятад, Солонгос, Армян, Индонез улсын төрийн болон ТББ-ынхан, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ШӨХТГ, Монголын банкны холбоо, банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.
Бага хурлаар  Монгол Улс санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болохыг гадны мэргэжилтнүүд зөвлөж байна.



Азийн хөгжлийн банкны Санхүүгийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Жиакомо Жианнетто хэлэхдээ,
“Монгол Улс дээрх  зөвлөмжийг дагахын тулд эхлээд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Жижиг эдийн засагтай орны тухайд нэг хуулиар асуудлыг шийдэж болно. Гагцхүү санхүүгийн олон зохицуулагч байгууллагуудын дунд хий хоосон орон зай, давхардал үүсэх вий гэдгийг болгоомжлох хэрэгтэй. Хэрэв давхардал үүсвэл үүрэг хариуцлагыг маш нарийн хязгаарласан заалтуудыг хууль эрхзүйн орчиндоо тусгах ёстой. Хууль эрхзүй орчинд ямар асуудлыг тодотговол оновчтой вэ гэдгээ тодорхойлохоос ажил өрнөнө. Бие даасан хууль байх уу эвсэл хуулинд тусгайлсан заалт оруулж өгөх үү гэдгээ зөв тогтоох нь чухал.  Энэ бол тухайн орны сонголтын асуудал” гэв.

Монголбанк хууль эрх зүйн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах бүрэн эрх, мандаттай болох, хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын  бие даасан нэгжийг бий болгож холбогдох журмыг батлан гарган банк, санхүүгийн салбарт мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хурлын үеэр зөвлөв. Улмаар Монгол Улсад “Санхүүгийн омбудсман” буюу банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй үүссэн санхүүгийн маргааныг богино хугацаанд үр дүнтэй, чирэгдэлгүй шийдвэрлэдэг хөшүүрэг бий болгохыг тодотгосон юм.

Тухайн улсын онцлогоос хамаараад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хэлбэр нь өөр өөр байдаг. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид буюу банкныхан хэрэглэгчээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн журмаа эхлээд гаргадаг байна. Тухайлбал  Хятад улсад санхүүгийн олон чиглэлийн зохицуулагч байдаг бөгөөд тэд хэрэглэгчийг хамгаалах  зохицуулалтын хүрээнд үйлчилгээ явуулдаг аж. Итали улс бол Европын Холбооны гишүүн орон.  Тиймээс Европын холбооноос гаргасан нэгдмэл хуулийн хүрээнд банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ажилладаг аж.  Хууль хэрэгжүүлэх явцад хэрэглэгчийн санал гомдол гарсан тохиолдолд банкууд хэрхэн шийдвэрлэх гэсэн дотоод журмын хүрээнд хяналт тавьж тухайн иргэнийг чирэгдэлгүй болгодог байна. Харин  АНУ-д нэгдсэн санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах байгууллагатай гээд улс орнууд эдийн засагтаа тохирсон тохируулга хийдэг байна.



Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал А.Туул:
“Монголбанк банк, санхүүгийн салбарт судалгаа явуулсан. Энэ хүрээнд одоо мөрдөж буй хууль, дүрэм, журмууд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэдэгт үнэлэлт өгсөн. Судалгааны хүрээнд олон улсын туршлагаас  нэлээн судалсан.

УИХ-аар Төвбанкны тухай хууль, Банкны тухай хууль батлагдвал  санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх үүснэ. Үүний дараа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болох боломж бүрдэнэ. Жилд  дунджаар 300 орчим санхүүгийн гомдол хэрэглэгчээс Төвбанкинд ирдэг. Одоогийн зохицуулалтын хүрээнд 30 хоногийн дотор тухайн иргэнд заавал хариу өгөх ёстой. 60 орчим гомдлыг судлахад банктай үүсгэж буй харилцаан дээр үл ойлголцол үүсдэг нь ажиглагдсан. Дийлэнх нь хүү, шимтгэл бодохдоо тус банк ийм алдаа гаргасан гэсэн гомдол  зонхилж байв. Хэрэглэгчийн бас нэг гомдол нь зээлийн мэдээллийн санд ташаа мэдээлэл байна гэдэг юм. Эдийн засгийн харилцаанд орж буй хүн бүхний санхүүгийн түүх хадгалагддаг. Санхүүгийн байгууллага болон банкуудаас ирсэн мэдээллийг Монголбанк нэгтгэдэг. Сүүлийн үед ипотекийн зээлтэй холбоотой гомдол их ирж байна” хэмээв.

Армян бол Монгол Улстай хүн амын тоо, хөгжлийн түвшингээрээ ижил төстэй. Тус улс 2008 оноос хойш хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдол өгч Төвбанк нь дэргэдээ тусгай нэгж байгуулан  амжилттай ажиллаж буй туршлагаас Монгол Улс нэвтрүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хурлын үеэр онцлов.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд