top banner
Шуурхай мэдээ

Мицубиши корпорацийн сургалтын тэтгэлгийг 10 оюутан хүртэнэ


2017-10-12 16:44:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши корпораци нь 7 дахь жилдээ бакалавр, магистр, докторын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна.
Тэтгэлэг нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой. Бакалаврын долоо, магистрант, докторант гурав нийт 10 оюутанд тус бүр нэг сая төгрөг олгох юм. Хөтөлбөрт хамрахыг хүсэгчид бакалаврын оюутны хувьд  2,3,4-р курст суралцдаг, сургалтын үнэлгээний голч 3,2-оос дээш, сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй, амжилттай оролцдог зэрэг шаардлага хангасан байх ёстой. 
Хүсэлтийг энэ сарын 13-наас ирэх сарын 3-ныг дуустал МУИС-ийн Оюутны алба болон ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд хүлээн авах аж.
Мицубиши корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, аж үйлдвэрийн санхүүгийн, энергийн бизнесийн, металл, тоног төхөөрөмж, хими, ахуйн аж үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамардаг. Гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг.
2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн юм.
Ж.Болор

Монгол брэнд