top banner
Шуурхай мэдээ

"Москвич" соёлын төвд хоёр хотын хамтын ажиллагааны 60 жилийг түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээв


2017-10-12 15:46:06
Зураг
Москва /МОНЦАМЭ/ . Энэ сарын 10-ны өдөр Москва хотын “Москвич” соёлын төвд  "Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны- 60 жил” нэртэй архивын баримт - гэрэл зургийн үзэсгэлэн нээж, ойн баярт зориулсан баярын концерт боллоо. 
Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа, Москва хотын Архивын Удирлагын Газрын дарга Ярослав Онопенко тэргүүтэй төлөөлөгчид, тус хотод суралцаж буй Монголын оюутан залуус болон уригдан ирсэн хүндэт зочид оролцлоо.  
Нэгэн жарны түүхтэй ах дүү хоёр хотын харилцааны арвин их түүх цаг хугацааны эрхээр архивын баримт, гэрэл зурагт мөнхрөн үлджээ. Тиймээс энэхүү үзэсгэлэн хоёр хотын найрамдалт харилцааны бүхий л салбарын түүх, хамтын ажиллагааны талаарх архивын ховор баримтыг түүвэрлэн харуулж буйгаараа түүхэн ач холбогдолтой юм. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ "Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Тэднээс хамгийн түрүүнд одоогоос 60 жилийн тэртээ Москва хоттой ах дүүгийн харилцаа тотоож байсан. Энэхүү үзэсгэлэн хоёр хотын гэлтгүй манай хоёр улсын найрамдалт харилцааны тод жишээ юм. Орчин үеийн Улаанбаатар хотын дүр зургийг Оросын ард түмний өмнө дэлгэн үзүүлж буйдаа баяртай байна” хэмээн тэмдэглэв.
 Нийт гурван бүлгээс бүрдэх энэхүү үзэсгэлэнгийн нэгдүгээр бүлэгт шинэ үеийн Улаанбаатар хотын бүтээн байгуулалт нийгэм, эдийн засаг, соёл урлаг, үйлдвэржилт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон хувь хүн, байгууллагыг түүвэрлэн багтаасан бол хоёрдугаар бүлэгт Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан Улаанбаатар хотын  “Хүндэт иргэн”  ОХУ-ын иргэдийн тухай архивын баримтыг дэлгэн үзүүлэв. Харин гуравдугаар хэсэгт их хотын  хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж  тогтмол үйл ажиллагаа явуулдаг 104 мянган аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулжээ. 
“Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны- 60 жил” үзэсгэлэн үзэж сонирхсоны дараа ойн баярт зориулсан Монголын уран бүтээлчдийн тоглолт “Москвич” соёлын төвд үргэлжилсэн юм.

Баярын концертод Монголын 40 гаруй уран бүтээлч уран бүтээлээ толилуулав. Дэлхийд данстай дуурийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид, УДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уяанга, Никитон хамтлагийн дуучин МУГЖ Ц.Батчулуун, дуучин Б.Амархүү зэрэг урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөснөөр  “Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны- 60 жил”-ийн ойн баярын арга хэмжээ өндөрлөв.
Л.Нандиа
 

Монгол брэнд