top banner

Б.Лхагвасүрэн: Хэрэглээгээ хянаж хуримтлал үүсгэснээр эдийн засгийг дэмжинэ


2017-10-03 15:31:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг мэдээлэлтэй болсноор аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах, хувийн болон өрхийн санхүүгийн зөв дадлыг хэвшүүлнэ хэмээн Төвбанкны удирдлагууд онцолж байна.
Монголбанк өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаатай орон даяар “Санхүүгийн боловсрол” аяныг зарлаж, нээлтээ хийлээ.
“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Төвбанк дээрх аяныг зарлаж буй бөгөөд төсөв санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдлээс хамгаалах, даатгал, тэтгэврийн хуримтлал үүсгэх гэх мэт санхүүгийн талаарх мэдээлэл өгөх сургалт, уулзалтыг зохион байгуулах юм байна.


Аяны талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Эдийн засгийн хямралаас гарах нэг хөшүүрэг нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх явдал гэдэгт Төвбанк төвлөрч байна. Мөнгөний бодлогыг тодорхойлох үүрэгтэй Төвбанк яагаад иргэдийн санхүүгийн боловсролыг чухалчлав?
-Эдийн засгийн бодлого бүхэлдээ хэрэглээнээс хуримтлалд суурилсан хэлбэрт шилжсэнээр эрсдлээс хамгаалах, хүндрэлийг дарамт багатай туулах юм. 2015 оны 10 дугаар сард Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ,  Дэлхийн банктай хамтран Олон нийтийн  санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Дэлхийн банкны Санхүүгийн салбарт үнэлгээ өгөх баг манай улсад ажилласан юм. Тус баг Монгол Улсад санхүүгийн боловсрол сул байгаа нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлж байна гэж дүгнэсэн. Тодруулбал Дэлхийн банкны судалгаагаар манай улсын  хүн амын дийлэнх нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэддэг ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай хэмээн гарсан. Улмаар банк болон хэрэглэгчдийн дунд маргаан их гарч буй нь санхүүгийн боловсролоос хамааралтай гэсэн зөвлөмж гаргасан. Тиймээс санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг тэлэхэд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал хэмээн дээрх хөтөлбөрийг Монголбанк санаачилан хэрэгжүүлэхээр болсон юм. Эл хөтөлбөрийн хүрээнд   хүүхэд залуус, ахмадууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд бүх насныханд зориулан санхүүгийн мэдлэг, ойлголтыг өгсөн гарын авлагууд хэвлэжээ. Мөн бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр боловсруулж дунд сургуулиудад сонгон хэлбэрээр  Бизнес судлал хичээлийг оруулаад жил гаруй хугацаа өнгөрлөө.БСШУС-ын яамнаас шийдвэр гаргавал дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох тусгай хичээл орж эхлэх юм. Өнөөдрийн байдлаар сонгон сурах хичээлээр явж байгаа бол цаашид заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах боломжийг бид эрэлхийлж байна.
-Санхүүгийн боловсрол олгох “Бизнес судлал” хичээлийг хэд, хэдэн сургууль дээр туршиж байгаа гэсэн. Эхнээсээ ямар үр дүн гарч байна вэ?
-Танайх дундаж орлоготой гэр бүл мөн үү гэсэн асуултад Бизнес судлалын хичээлийг үзсэн сурагч өрхийн орлого, зарлагаа тооцож үзэхэд хуримтлал хийх боломжтой  учир “Дундаж орлоготой гэр бүл мөн” хэмээн хариулж байх жишээтэй. Хуримтлал хийснээр ямар өгөөжтэй  вэ гэдгээ тодорхойлж чадаж байгаагаас үзэхэд заавал үзэх хичээлд “Бизнес судлал”-ыг оруулах шаардлагатай нь харагдсан хэмээн  БСШУС-ын сайд хэлж байсан удаатай.  Тэгэхээр хүүхдэд эхнээсээ өгөөжөө өгч байна гэсэн үг. Бага анги болон цэцэрлэгийн хүүхдүүд мөнгөний гахайтай болж хуримтлал үүсгэдэг болсон. Энэ бүхнээс дүгнэхэд дээрх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болно.
-Сүүлийн жилүүдэд банкин дахь хадгаламж өсч байгаа юу?
-Монголбанкинд санхүүгийн мэдээллийн бааз бий. Энэ мэдээллийн баазаас үзэхэд сүүлийн жилүүдэд банкны хадгаламж байнга өсч байгаа. Мөн банкаар үйлчлүүлэгчдийн тоо өссөөр байна. Монгол Улс 10 мянган хүнд оногдох банк, дансны тоогоороо дээгүүрт ордог. Гэхдээ тооны үзүүлэлтээс чанарт шилжих ёстой. Гол нь хэрэглэгч авч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байх нь чухал.
-Иргэд хуримтлал үүсгэх, өсгөх гол хэрэгслийг банк гэж хардаг. Тэгвэл дэлхий нийт хөрөнгийн зах зээлд мөнгөө өсгөх жишиг рүү явж байна. Энэ талын мэдлэг мэдээллийг Санхүүгийн боловсрол оор хэр өгч байна?
-Иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг дээшлээд ирэхээр зөвхөн  хадгаламжинд мөнгөө хийхээс гадна үнэт цаас худалдан авч байршуулснаар ногдол ашиг, хүү авч болдог гэдгийг ялгаж мэдэх боломжтой. Мөн иргэд хэрэглээгээ хянаж хуримтлал үүсгэх нь эдийн засгийг дэмжиж буй явдал юм.
-Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлснээр ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ?
-Эдийн засгийн хүндрэл үүсэх эрсдлийг бууруулахын зэрэгцээ тухайн хүн хэрэглээгээ хянаж оновчтой зүйлд мөнгө зарцуулах боломж бүрдэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд эерэгээр нөлөөлнө гэж харж байна. Санхүүгийн боловсрол олгох ажил нь нэг удаа өрнөх биш урт хугацааных учир тэр дороо үр дүн гарахгүй.
-Монголбанкнаас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх төсөл Ази номхон далайн бүсийн шилдгээр шалгарсан гэсэн. Шилдгээр шалгарахад гол үзүүлэлт нь юу байв?
-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтийн үр дүнг   Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child & Youth finance international/-аас сайшаан үнэлж, 2016 оны Ази, Номхон далайн улсуудын “Бүсийн аварга” улсаар шалгаруулаад байна. Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт Бизнес судлал хичээлийг сонгоноор оруулсныг гол үзүүлэлтээ болгосон болов уу.
-Санхүүгийн боловсрол иргэддээ олгож буй дийлэнх улс орнууд цахим хуудас ашигладаг юм билээ?
- Цахим хуудас маш энгийн, танин мэдэхүйн, боловсрол олгох ач холбогдолтой. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судлахдаа олон  улсын туршлагад тулгуурласан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай гадны зөвлөх багш нартай мэдээлэл солилцсон. Их Британи улсад  эцэг, эхчүүдийн мөнгөний гарын авлага гэж цахим хуудас бий. Энэ цахим хуудсаар дамжуулан хүн бүхний өдөр тутмын амьдралд хэрэгтэй санхүүгийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх жишээтэй.
Нөгөөтэйгүүр цахим хуудас маш энгийн, танин мэдэхүйн, боловсрол олгох ёстой. Хүүхдэд тоглоом хэлбэрээр, залуучууд, залуу гэр бүлд төрөл бүрийн санхүүгийн тооцоолуур гэх мэтээр хамгийн сонирхолтой байдлаар боловсролыг олгох нь оновчтой хувилбар. Энэ үүднээс бид http://www.sankhuugiinbolovsrol.mn/ цахим хуудсыг  ажиллуулж эхлээд байна.
-Санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх ажлыг зөвхөн Төв банк хийхгүй. Энд арилжааны банкууд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
-Хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Санхүүгийн зохицуулах хорооноос гадна Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын даатгагч¬дын холбоо болон бусад хувь хүний санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд  хамтран ажиллаж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд