top banner
Шуурхай мэдээ

Шилэн хоргон дахь тайвшрал


2017-09-27 12:19:08
Зураг

Урлаг үргэлж шинэ байх ёстой. Үгүй бол “урлаг” гэх нэр хоосон төдий зүйл болж хувирна. Үргэлжийн мөнхөд орших шинэ зүйлийн төлөө нүүрэн дээр нар тусч биднийг сэрээдэг. Далд ухамсар буюу төсөөллийн гүн дэх бодит биелэл нь бүх урлагийн амин сүнс болсоор ирсэн. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Бүхий л урсгал чиглэлүүд үүнд захирагдаж шинэ арга техник, шинэ сэтгэлгээг бий болгож түүнийгээ нээж чадсан хүмүүс хүн төрөлхтнийг гайхшруулсан хэвээр. Харин би яг одоо шинэ сэтгэлгээг хараад зогсч байна.

Энэ бол уран бүтээлч Б.Оюунцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан “Mini Carden” үзэсгэлэн юм. Дээрх уран бүтээлчдийн хоёулангийнх нь нэрэнд “цэцэг” гэсэн үг оржээ. Тиймдээ цэцэгийг урлаг болгож чадсан нь илт. Бидэнд өгөгдсөн байгалын хүчин зүйл нь тэр билээ. Зүгээр ч нэг тохиолдоор “цэцэг” гэсэн үг орсон нэртэй бүтээлчид хамтран тасалгааны таримал цэцгүүдээр урлагийн шинэ санаа бий болгож буй хэмээн бодоход хэн хүнд хангалтгүй санагдах биз.

Бид өвс ногоог гишгэсний дараа тэд маш аажуухан хүний нүдэнд үл харагдахуйцаар эргэж өндийсөн байдаг. Байгаль өөрсдийн үр төлийг сүнстэй хэмээн хүн төрөлхтөнд тунхаглаж байгаагийн илрэл нь энэ. Гэтэл Оросын агуу их зохиолч Толстойн “Анна Каренина” эмэгтэй хүний дотоод мөн чанарын асуудлыг олон хүмүүст жинхнээр нь харуулж чадсанаар Флоберын “Бовари хатагтай”-г давж гарсан шиг Б.Оюунцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын “Mini Garden” үзэсгэлэн өвс ургамал, цэцэг навч амьтай төдийгүй, өөрийн гэсэн ертөнцтэй байдгийг харуулж чаджээ.

Олон хүнээс цэцэг таримаар байгаа ч нэг их сайн ургуулж чаддаггүй, услаад байхад үхээд байх юм гэх үг сонсч байлаа. Цэцэг услаад л байвал сайн ургана гэвэл эндүүрэл болно. Учир нь цэцэг бүрт өөрийн гэсэн ургах, цэцэглэхэд нөлөөлөх зүйлс байдаг. Харин тэднийг урлаг болгох тухай ярьж байсан хүний яриа сонсч байсангүй. Цэцэгс өөрийн гэсэн ертөнцөд ургадаг бол хүмүүс өөрийгөө нээснээр цоо шинэ санааг бий болгож чаддаг. 

Харин одоо би ярих зүйлээ жинхнээсээ эхэллээ. Цэцэг бүхнийг бөөрөнхий, зууван хэлбэртэй ямар ч өөгүй тунгалаг шилэн саван дотор байрлуулжээ. Уран бүтээлчид маань бөөрөнхий тунгалаг шилээр дэлхий ертөнцийг төлөөлүүлсэн байна. Энэ ертөнцөд ямархан гайхалтай зүйлүүд оршин байдгийг ихэвчлэн далайн гүнд ургадаг ургамлуудаар илтгэн харуулсанд бүтээлүүдийн мөн чанар оршино. 



Энэ л шинийг эрэлхийлэгч оюуны гайхалтай, гэнэтийн, тааварлашгүй хүч чадлын сонгодог жишээ, ирээдүйг бүтээхээр зорьж, мөрөөдөн яваа залууст үзүүлж буй үлгэр дуурайлал мөн. Шилэн хоргонд ганцхан цэцэг бус олон олон амьд амьтан, хүний гараар бүтээгдсэн байшин, төгөлдөр хуур, гүүр, хашаа, машин буйг харж болно. Мөнхүү эрвээхэй, цох хорхойнууд ч шилэн хоргон дотор зүгээр ч нэг амилаад гарч ирээгүй юм. Хорхой шавьжнууд байгалийн тэнцвэрийг хадгалж байдаг. Тиймдээ ч ургамал хүмүүнийг ертөнцийг, мөнхүү хүнийг ч бүтээсэн бидний амьдралыг тэтгэдэг. Бид байгаль эхийн хүүхдүүд, хорхой шавж ч ялгаагүй. Тэд өвс ургамлыг иддэг ч тэр хэмжээгээрээ байгаль эхийгээ мөн хооллож тэнцвэрт байдлыг хадгалж байдаг. Харин бид зүгээр л сүйтгэж орхидог. Тиймээс ч ургамал, шавьж, хүний гараар бүтээгдсэн зүйлүүдийг нэг дор цогцлоон гүн утга санааг илэрхийлэн гаргаснаараа “Mini Carden” үзэсгэлэн хэн бүхэн онцгой сэтгэгдлийг төрүүлнэ.

Зарим нэгэн хүнд зүгээр л тоглоомнууд байрлуулчихсан мэт санагдаж болно. Гэвч урлагийг урлаг болгож л харах хэрэгтэй. Яг энд буй үзмэрүүд хэзээ ч дахиж давтагдахгүй. Нэгэн агшинд төрсөн бүтээлүүд тухайн цаг хугацааг бүрнээ тодорхойлж чаддаг. “Өнөөдөр урлагт гэрэл зураг шиг буулгагч хэрэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Үнэн амьдрал ,бодит байдал нь урлагийн амин сүнс. Гэхдээ бодит байдлын гаднах дүр төрхийг хуулбарлах биш мөн чанарыг, гагцхүү тэдгээрийг хувиран өөрчлөгдөх шинэ хэлбэрээр нь илэрхийлэх ёстой” гэж Теннеси Уильямс хэлсэн байдаг. Реализм өөрөө ингэж л реалист бус болсон билээ. Шинэ санааг бий болгоно гэдэг утга учиргүй олон зүйлийг нэгтгэж санаанд оромгүй зүйл бүтээнэ гэсэн үг биш. Үзэгчдийнхээ өмнө өөрийн хийсэн бүтээлийг тайлбарлаж чаддаг байх ёстой. Ерөөс байгалиас урган гарч буй аливаа зүйлсийг уран санаагаар илэрхийлж гаргах ухамсарт үйл ажиллагааг л урлаг гэдэг.

Нөгөөтэйгүүр уг үзэсгэлэнгийн бүтээл болгон  тайвшрал бэлэглэж байлаа. Хамгийн гол нь шилэн саван дахь ертөнц бүхэн гоо сайхны таашаал төрүүлнэ. Энэ бүхнийг хоёрхон үгээр илэрхийлвэл “шинэ техник” хэмээж болох юм. Бид цэцэгсийг, аливаа зүйлийг ургамлуудыг гэртээ тарьдаг, байгальд оршин байхад нь харж баяр баяслыг эдэлдэг. Гэтэл хүний ахуйн хэрэглээг уран сайхантай хослуулдаг энэхүү техник урлалд хатуугаас зөөлөн хүртлэх төрөл бүрийн материалыг ашигласнаараа бусдаас нэн өвөрмөц болж чаджээ. Эндээс л та өөрийн гоо сайхны хэмжүүрээ нээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Б.Алтанхуяг

 


Монгол брэнд