top banner
Шуурхай мэдээ

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэхийг зөвлөв


2017-09-23 16:48:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэж байна.
 
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт, хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрддэг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм.

Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг  сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
 
Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан,  уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамарвал илүү ач холбогдолтой.
 
Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж сайн угаах, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх, өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.
 
Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвартархахаас сэргийлэх ач холбогдолтой гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.
Ж.Болор

Монгол брэнд