top banner
Шуурхай мэдээ

Х.Баттулга:Бид хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь хангаж, экспортод гаргах бүрэн боломжтой улс


2017-09-23 16:19:02
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, төмс, хүнсний ногоо, зөгийн бал, жимс жимсгэнийг хэрэглэхийг уриалж худалдан авалт хийлээ.
Тэрбээр хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.
Төрийн тэргүүн “Хос ивээл” компанийн хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүн, “Мөрөн хүнс” компанийн даршилсан ногоо, үхрийн хатааж нунтагласан мах, Төв аймгийн Зуунмод сумын “Атрын шим” компанийн хүнсний ногоо, Хөвсгөлийн “Их тайга” компанийн эмийн ургамлаар үйлдвэрлэсэн цай, эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн, “Топиус” компанийн эмийн ургамлын бэлдмэлүүд, “Өв сүү” хоршооны цагаан идээ, нийслэлийн зарим иргэдийн хашаандаа ургуулж буй хүнсний ногоо, модны суулгац, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Дашбазарын сур элдэж хийсэн хазаар, ногт, суран эдлэл зэрэг олон үйлдвэрлэгчдийн хийж бүтээсэн, ургуулж тариалсан, малын ашиг шимээс гарган авсан бүтээгдэхүүнүүдтэй танилцсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга үүний дараа сэтгүүлчдэд өгсөн товч ярилцлагадаа “Монгол орон бол газар нутаг томтой, сайхан эрүүл хөрстэй. Бид хүнсний ногоогоо гадаадаас авалгүй дотооддоо бүгдийг 100 хувь хангаж, мөн экспортод гаргах бүрэн боломжтой улс орон.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч болоод анхны үндэсний хэмжээний чуулганаа Хүнсний аюулгүй байдлын сэдвээр хийсэн. Үүнийг хүнсчид маань дэмжиж, энэ бол зөв бодлого гэж ам сайтай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд зориулсан зээлийг нэлээд олон аж ахуйн нэгжид олгосон. Түүний үр дүн эхнээсээ гарч эхэлж байна. Харамсалтай нь зээлийн хугацаа их богино, гуравхан жил гаруй байгаа. Хүлэмж, зоорьт зориулсан зээлийг удаан хугацаагаар өгөх юм бол бид энэ сайхан эрүүл хөрсөн дээр дотоодын зах зээлээ хангаж, гадагш хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой.

Өнөөдөр би “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнг зориуд зорьж ирж шинэ ургацын ногоо, хүнсний бусад зүйлтэй танилцлаа.

Хүнс бол эмзэг асуудал. Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой” гэлээ.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 12 дахь намартайгаа золгож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ-ын зарим ажилтнууд ажиллав.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд