top banner
Шуурхай мэдээ

Иран улс пуужин туршжээ


2017-09-23 12:56:31
Зураг
ТЕГЕРАН. /ИРНА/Ройтерс/. Иран улс шинэ баллистик пуужингаа амжилттай харван туршлаа гэж тус улсын төрийн мэдлийн “Ирна” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улс “Хоррамшахр” пуужинг өнөөдөр харван туршсан байна.

Энэ пуужин нь 2000 км-ийн тусгалтай, олон төрлийн цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтайгаас гадна хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн учир онилсон байндаа яг тусах чадалтай гэнэ.

Баасан гарагт Тегеран хотноо болсон цэргийн парадын үеэр энэ пуужинг нийтэд танилцуулж байсан юм.

Уг парадын үеэр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани үг хэлэхдээ “Бид улс орноо хамгаалахын тулд цэрэг армийн сүр хүчээ нэмэгдүүлэх болно” гэж байв.

Энэ оны долдугаар сард мөн шинэ пуужин туршсантай нь холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.  

Д.Трампын засаг захиргаа АНУ-ын Ираны талаарх бодлогыг өөрчлөхийг оролдож байна. Тухайлбал, Б.Обамагийн засаг захиргааны үед  Иран болон зургаан гүрний хооронд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг цуцлах асуудлыг авч хэлэлцэж байгаагаа Цагаан ордны одоогийн тэргүүн цухуйлгаж байсан юм.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Ираны сүүлд хийсэн пуужингийн туршилт тус хоёр улс хоорондын харилцааг хурцатгаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд

Монгол брэнд