top banner
Шуурхай мэдээ

"Фэйсбүүк" Конгрессын шинжээчдэд Оросын худалдаж авсан зар сурталчилгаануудыг өгчээ


2017-09-23 10:10:06
Зураг
ВАШИНГТОН. /АП/.  ОХУ-тай холбоотой хаягуудаар улс төрийн зар сурталчилгаанууд худалдаж авсныг нотлох баримтуудыг АНУ-ын Конгрессын мөрдөн шалгах комиссын шинжээчдэд өгснөө дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн захирал Марк Зукерберг мэдэгдлээ.

“Ассошэйтед пресс” агентлагийн мэдээлснээр, ноён М.Зукерберг баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Конгрессын шинжээчдэд зар сурталчилгаануудыг өгөхийг би компанийнхаа холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон” гэжээ.
 
ОХУ сонгогчдын сэтгэл санаанд нөлөөлөх янз бүрийн зар сурталчилгаа тараах замаар АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг Конгрессын шинжээчид шалгаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор “Фэйсбүүк” компани Оростой холбоотой хаягууд болон тэдгээр хаягаар худалдаж авч тараасан зар сурталчилгаануудыг Конгрессын шинжээчдийн ахлагч Роберт Мюллерт хэдийн өгсөн байна.

2017 оны тавдугаар сарыг хүртэлх хоёр жилийн хугацаанд Оростой холбоотой 470 хаяг 3000 орчим зар сурталчилгааг “Фэйсбүүк”-т тавьсныг энэ сарын эхээр М.Зукерберг нийтэд дэлгэсэн юм. Эдгээр зар сурталчилгааг худалдаж авахад Оросын нэгэн компани 100 мянга орчим доллар зарцуулсан гэж мөн тэрбээр мэдэгдэж байв.

Энэ сар сурталчилгаа болон эдгээрийг тараасан хаягдуутай холбоотой мэдээллийг гаргасангүй гэж Конгрессынхон “Фэйсбүүк” компанийг шүүмжилж байсан юм.
Г.Доржханд

Монгол брэнд