top banner
Шуурхай мэдээ

Шүүгч Ц.Цогт Япон улсад докторын зэрэг хамгааллаа


2017-09-22 08:54:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн докторын зэрэг /Doctor of Laws /LL.D./ in Comparative Law and Political Science/ хамгааллаа.

Тэрбээр Нагояагийн Их сургуулийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт 2014-2017 онд суралцаж, “Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү” /Development of Administrative Litigation in Mongolia: From Administrative Control to Court Remedy?/ сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.

Ц.Цогт нь 1998 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдахад шинэхэн шүүхийн анхны шүүгчдийн нэгээр  томилогдсон юм. Мөн 2011 оны 4 дүгээр сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр нь томилогдсон бөгөөд өдгөө тус шүүхэд шүүгчээр ажиллаж байна. 

Ц.Цогт нь шүүгчээр ажиллаж байхдаа Япон улсад докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч болж байгаа юм.
Тэрбээр мөн 2016 онд Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.
Н.Туяа

Монгол брэнд