top banner
Шуурхай мэдээ

Нууцлаг Түвдийн нууцад нэвтэрсэн нь


2017-09-18 12:46:03
Зураг
 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Бидний Монголын 11 сэтгүүлч Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар өнгөрсөн  сарын 13-наас 25-ны өдөр хүртэл  Түвд, Сычуан мужаар явж,  сурвалжлага  хийсэн юм.

Түвдэд ирэх хамгийн том даваа бол нэвтрэх бичиг авах явдал юм. Үүнийг авах гэж хувиараа явснаас шууд л орон нутгийн аялал жуулчлалын компаниар дамжин очсон нь дээр юм байна лээ.
Онгоцны цонхоор харагдах сүрлэг өндөр уулсын завсраар үүлс нь багтаж ядаж хөвж байгаатай өөрийн биеийг зэрэгцэн буйг мэдрэхнээ нэг бодлын сүрдмээр, нөгөө бодлын “Ай даа диваажин гэж ийм л байдаг байх даа” гэж бодогдон сүүрс алдана. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд сүрлэг. 
Бүгчим халуун Бээжингийн агаараас салаад, онгоцоор гэнэт өндөрлөг газрын сэрүүн сийрэг агаарт палхийтэл буусан нь нэг хэсэгтээ хямраасан. Онгоцоор нисч очихоор өндөрлөг газрын өвчинд өртөх магадлал өндөр, харин галт тэргээр очвол бие хаа нь аажим аажмаар зохицдог талтай хэмээн учир мэдэх  нь ярьж буйг сонссон. Буудалд буусан гадны гийчдийн зарим нь  тэргэнцэртэй явж байхыг хараад бид бас  чиг  өндөрлөг газрын хүмүүс гэсэндээ гайгүй юм байна гэж өөрсдийгөө тайвшруулав. Эмчийн хэлснээр бол Түвдэд ирсэн хүн ирэнгүүтээ 48 цагийн дотор усанд орох, огцом хөдөлгөөн хийх, доош тонгойж болохгүй гэнэ. Хэрэв энд ханиад хүрвэл мөд салдаггүй, цаашлаад уушгинд муугаар нөлөөлөх ч аюултайг мэдэж авууштай.



Лхаст буунгуут л хаа сайгүй сунаж мөргөсөн хүнтэй тааралдах байх гэж бодож явсан минь талаар болов. Харин хүрд, эрхи барьсан түвд хүмүүстэй их таарна. Лхас хот гэлтгүй хөдөө тосгонд хаа ч явсан ажиглагдсан нэг өвөрмөц зүйл бол барилга байшингийн хэв маяг. Өөрийн гэсэн Түвдийн үндэсний хэв загварыг шингээсэн нь нүд булаана. Түвдчүүд хөрслөг бор царайтай, өндөр чацтай, яралзсан том том цагаан шүдтэйгээс нь уулархаг нутгийн сарлагийн цагаан идээгээ иддэгтэй холбоотой болов уу. 



Тэд мэдээж дуу хөгжимд авьяастайн дээр бас хошин шогийн мэдрэмж сайтай гэдэг нь биднийг дагуулж явж байсан Ишданзан хэмээх Түвдийн ӨЗО-ны хэвлэл мэдээллийн албаны ажилтантай ойр зуур ярьж суухад илт мэдрэгдэж билээ. Тэгэхдээ нэг нь түвд, нөгөөх нь монгол, ийм хоёр хүн хятад хэлээр хоорондоо нэвтрэлцэх нь инээдтэй санагдаж  байсныг нуух юун. Түвдчүүд Монгол хүмүүст их элгэмсэг. Сурвалжлагын багт багтсан манай Бямба-Очирын нэрийг сонсонгуутаа л “Түвд нэр байна” гээд л дуу алдаж билээ. Ер нь монгол хэлэнд шашин, зурхайн олон үг хэллэг түвд хэлнээс орж ирсэн гэдгийг уншигч авхай надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Хоол ундны хувьд мэдээж замбай гурил, шар тостой цай, сарлагийн мах байх ба халуун ногоог их хольж идэж байгаа ажиглагдсан.Түвдийн тахиа, гахай нь Хятадад бас их алдартай юм билээ. Нэг удаа шар тосонд дарсан мөөг өгөхөөр нь үнэхээр идэж чадаагүй. Манайхны хатсан бяслаг шиг амттай, дөрвөлжин хэлбэртэй  цагаан идээ нь харин амны зугаа болохоор. 
2016 оны байдлаар, Түвдийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 115 тэрбум юань, нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ 34793 юань. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө хаяж, үүнийгээ дагаад бусад салбар нь ч хурдацтай хөгжиж байна. Ялангуяа, аялал жуулчлал их эрчимтэй хөгжиж, гол орлогыг дотоодын аялагчид бүрдүүлдэг гэнэ. Хятадын бусад газраас ирж ажиллаж амьдрах гэж байгаа хүмүүст болон Түвдчүүдэд ч  “өндөрлөг газрын” нэмэгдэл өгдөг байна.


Бидний эхний зорьж очсон газар бол танка зургийн хүрээлэн. Танка бурханы хөргийн үнэ ханш нь тухайн зураачийн зэрэг дэвээс хамаарч харилцан адилгүй. Урьд нь зөвхөн лам нар, сүм хийдүүд л танка бурханы хөргийг худалдаж авдаг байсан бол одоо Гадаадын болон хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид худалдан авдаг болжээ. Мөн гадныханд захиалгаар ч урлаж өгдөг гэнэ.Танка зургийн нарийн тэг зураасыг урлахад  маш чимхлүүр хүнд ажил бөгөөд 40, 50 нас хүрэхэд л гар нь чичрээд бурханы хөрөг бүтээхэд түвэгтэй болдог хэмээн уран бүтээлчид хэлж байв. 


Лхас хотын хэрэглэгчдийг сүүгээр хангадаг үнээний фермд ороход малгай, халад өмсч, маск зүүсний эцэст ионы гэрэлтэй вакуумжсан орчинд бүх биеэ ариутгуулсан нь мэс заслын өрөө рүү орох мэт сэтгэгдэл төрүүлсэн. Газар тариалан болон бэлчээрт нөхөн олговор олгодог ба нэг мү газар тутамд 42,7 юань, дээр нь бордоо, үрийн гээд бас бус янз бүрийн нөхөн олговрыг олгодог хэмээн тайлбайрлагч хэлж байв.

Дараа нь бид Түвдийн Анагаах ухааны эмнэлэг, судалгааны төвөөр зочлов. 3000 гаруй жилийн түүхтэй Түвдийн анагаах ухааны сонирхол татсан нэг зүйл нь эхийн хэвлий дэх ургийг 37 дахь долоо хоногоос нь эхэлж  мэдэрч эхэлдэг ба хүүхдээ энэ хугацаанаас эхлэн хүмүүжүүлдэг байна. Бас ургийн хүйсийг тодорхойлох өөрийн гэсэн өвөрмөц аргатай гэх. Түвд анагаахад шамдан суралцаж байгаа оюутнуудаар танка бурханы хөрөг зуруулдаг нь хүний биеийн бүтэцтэй танилцахад нь дөхөм болдог аж.
“Эмч” гэх монгол үгийг сонсонгуут Харвардын их сургууль төгссөн түвд эмч Нямаа гуай "Манайд ч бас эмч хэмээн нэрийддэг шүү дээ гэснээ “за тэгж хошгироод яахав” гэдэг байгаа. Дараа нь харин овсгоотой өвөр монгол орчуулагч Урьханы буянаар бидний хэдэн нөхөд Нямаа эмчид судсаа бариулж, оношлуулаад авав. Судас барьж онош хэлсэн нь  ханатай  хэлж байна билээ.


Сэтгүүлчид Нямаа эмчээс сонирхсон асуултадаа хариулт авав.
-Түвдийн анагаах ухаан сэтгэл засалтай хослон эмчилгээ хийдэг гэж сонссон?
-Тийм. Энэ хоёр маш нягт холбоотой.Түвд анагаахын үндсэн суурь судар бичигт ч  тодорхой тэмдэглэсэн байдаг. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сэтгэл засал чухал болохыг бичсэн байдаг.
-Сэтгэл засал гэхээр орчин үед өвчтөнтэй ярилцах маягаар эмчилдэг, харин түвд анагаах ухаанд ямар арга хэлбэрээр эмчилдэг вэ?
-Энэ нь европ анагаахаас арай ялгаатай. Өвчин үүсгэгч муу сэтгэл болох шунал, уур хилэн, хүсэл тачаал хүнд хэр тэнцвэртэй оршин байдгаас шалтгаална. Хэт уурлах,шунах л юм бол өвчин үүсэх нөхцөл бүрддэг гэж ойлгох хэрэгтэй. Муу сэтгэлийг аль болох үүсгэхгүй байх нь их чухал. Цаагуураа бурханы шашинтай холбогдоод ирж байгаа юм л даа. Мөн эмчилгээгүй болсон өвчтөнийг өвчнийг нь улам хүндрүүлэхгүйн тулд сэтгэл заслыг маш их ашигладаг. 
-Түвдийн ард түмэн өндөрлөг газар амьдардаг болохоор цусны өтгөрлөөс үүдэлтэй өвчлөл их байдаг гэж сонслоо. Ер нь хүн амынх нь дундаж наслалт хэд вэ?
-Хүмүүсийн амьдрал сайжирч, эрүүл мэндийн боловсрол дээшилснээр урьд нь 50 гаруй насалдаг байсан бол одоо дундаж наслалт 70 гарсан.
-Түвдийн анагаах ухаанд үргүйдлийг эмчилдэг үү?
-Олон газраар яваад эмчлэгдэх найдваргүй байсан үргүйдэлтэй эмэгтэйг түвд эмээр эмчилснээр үрийн үрийн зулай үнэрлэсэн тохиолдол байдаг. Харин суваг нь бөглөрсөн, механик гэмтлээс үүдэлтэй үргүйдлийг анагаахад хэцүү.


Орой нь бид “Вэнчөн гүнж” хэмээх туульст дуулалт жүжиг үзэж сонирхов. Монголын хэвлэл мэдээллийнхнийг ихэд онцгойлон хүлээн авсны нэг илрэл нь биднийг нэг бүрийн 9000 юанийн үнэтэй VIP суудалд тухлуулсан. Амьд байгаль ашиглаж уулын өвөрт задгай тайзан дээр том том гэрэлтүүлэг, эффект, макет зэрэг энэ театрыг сүр жавхлантай харагдуулж байсныг онцолж байна. Эгээтэй л өнөөх 4D орчинд орсон мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Гол дүрийн хоёр жүжигчнээс бусад 800 гаруй туслах жүжигчид нь бүгд ойролцоох тосгон,гацааны жирийн ард иргэд байв. Тэд өдөр нь машинаа барина, үнээгээ саана, малаа хариулна, ногоогоо тарина, харин орой нь жүжигчид болно. Жуулчны улирал буюу жил бүрийн  4  дүгээр сараас 10 дугаар сар хүртэл орой бүр уг жүжгийг тоглодог бөгөөд байнгын үзэгчтэй, үүгээрээ ч нэлээд их орлого олдог бололтой. Хаа ч явсан, бүр онгоцонд хүртэл "Вэнчөн гүнж" жүжгийн зар сурталчилгаа байгаагаас харахад аль хэдийн Түвдийн бас нэгэн соёл, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болсныг илтгэнэ. Манайхан тоглолт тараад "Манайх яагаад ийм гоё жүжиг тавьж болохгүй гэж, Дундговийн дууч ардуудаа оролцуулаад зуны гурван сардаа иймэрхүү байгалийн бэлэн тайз ашиглаж дуулалт жүжиг тавьж болохгүй гэх газаргүй, уран бүтээлчдэд үзүүлж санаа авахуулах юмсан хэмээн ярьж байсан.
Бороо шивэрч, манан татсан дараах өдөр нь Түвдийн гол имиж болсон Потала ордныг үзэх ховор боломж тохиосон юм. Тэртээх 1300 гаруй жилийн өмнө Түвдийн 33 дугаар Соронзонгомбо хаан анх Потала ордныг бариулсан ба цагаан, улаан хоёр ордонтой аж.



Хожим нь үе үеийн Далай лам нарын шавилан суудаг хийд болон өөрчлөгджээ. Биднийг дотор ороход зураг авч, бичлэг хийхийг хориглосон. Дотогшоо оронгуут яагаад ч юм бэ цаанаасаа амар амгалангийн ертөнцийг мэдрэх шиг болсон нь ариун дагшин газар байсны илрэл болов уу.
Аялагчдаас гадна түвд мөргөлчдийн урт цуваа хөврөх ба тэдний хажуугаар өнгөрөхөд амандаа маань мэгзэм дүнгэнүүлэн нэг гартаа эрхи, хүрд, нөгөө гартаа савтай цай ундаа барьсан нь харагдана.  Мөн үе үе завилан суусан лам нартай таарах ба тэд биднийг Монголоос ирсэн гэж дуулангуут их л танимхайрсан байртай харцгааж байлаа.
Ордон доторх шатууд нь эгц, давчуу өндөр, дотор нь голдуу шашны холбогдолтой үзмэрүүд байх ба түүн дундаас хамгийн их анхаарал татсан нь  468 кг шижир алт, оюу, сувд, шүр гээд эрдэнийн чулуу шигтгэсэн 7 дугаар Далай ламын шарилтай суварга, үе үеийн Далай лам нарын 8 суварга, Шагжамуни бурханы хуруу, Зонхов бурханы шүд, эртний Энэтхэгийн зааны тархинаас гаргасан эрдэнийн үрэл, Мандал түүнийг хүрээлсэн 108 бурхадын дүр, зурхайн 774 бурхан тахисан нь нарийн, нүнжигтэй ур хийцийн сүрлэг агаад нууцлаг байдал нь өөрийн эрхгүй хараа булааж бишрүүлж байв.
Зарим түүхээс сонирхуулахад,  Далай лам нар дотор цорын ганц монгол үндэстэн нь 4 дүгээр Далай лам байжээ. Харин 8 дугаар Далай лам их энгийн хүн байсан төдийгүй элдэв тансаг эд зүйлс хэрэглэдэггүй, тухайн үед цэцэг өвчин тархаж, олон хүний амийг авч одоход энэ өвчнийг өөрийн биедээ шингээж жанч халсан түүхтэй аж. Мөн “Урт нас”-ны ордон гэж байх юм. Түүнийг нар зөв тойрохоор тухайн хүний нас 3 жилээр нэмэгддэг хэмээдэг. Потала ордон дотор мөн байгалийн чулуун агуйг байх нь хэдэн мянган жилийн өмнөх техник технологи хөгжөөгүй үед барьсан гэхэд их л нүсэр бүтээн байгуулалт санагдсан. Ингээд 1994 онд өнө удаан жилийн түүхийг агуулсан энэхүү Потала ордон ЮНЕСКО-гийн дэлхийд гайхагдах хосгүй өвд бүртгэгджээ.
Арван хэдэн давхар байгууламжтай тэнцэхүйц ордны оройгоос буух үед түүний гадна талын хананы цагаан өнгөнд нь сүү хольдог, өвөл ирвэл Потала ордон бүр ч илүү үзэсгэлэнтэй харагддаг, учир нь манангүй байдаг, зун бороо ороод манантай байдаг тухай Ишданзангаас дуулав..  


Их зуу хийдээр ороогүй хүнийг Лхаст ирсэн гэж тооцдоггүй аж. Тиймээс хол ойрын мөргөлчдийн хамгийн их очиж мөргөл үйлддэг газар нь Потала ордон, Их зуу хийд.
VII зуунаас өмнө түвдчүүд өөрийн гэсэн шашин шүтдэг байсан. Харин 33 дугаар Соронзонгомбо хааны үед Буддын шашныг Энэтхэгээс оруулж ирсэн аж. Их зуу хийдийг 33 дугаар Соронзонгомбо Балба нутгийн хатандаа,  Бага зуу хийдээ Вэнчөн хатандаа зориулан байгуулжээ. Ингээд Вэнчөн гүнж Тан гүрнээс бурхан багшийн 12 настай үеийн дүрийг  авчирч  Их зуу хийдэд залсан түүхтэй. Хятадын түүхэн дэх хатан хаан болох Үүзөтиэн энэхүү бурханы дүрийг авч явахыг завдахад нь сүсэгтнүүд хананы ард нууж 60 жил хадгалсан гэдэг.
Хийд дотор явж байтал тайлбарлагч нэгэн том баганыг заагаад “12 настай бурхан багшийн дүрд мөргөхөөр явж байгаад замдаа нас барсан мөргөлчдийн шүдийг энд шигтгэсэн нь тэднийг мөргөл үйлдсэн хэмээн тооцдог” гэж тайлбарлав.


1400 жилийн түүхтэй Их зуу хийд аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бүтэн сайнд мөргөлчдийг хийдэд нэвтрүүлдэггүй, бусад өдөр зөвхөн үдээс өмнө л мөргөл үйлдүүлдэг байна.
Биднийг Лхасаас хөдлөхийн өмнө түвдчүүдийн тарагны баяр дөнгөж эхэлж байсан ба энэ үеэр бүтэн долоо хоног амардаг гэж дуулав. Дээхэн үед тарагны баяраар хамаг олноороо цугларч, таргаа ууж, хөгжилдөн цэнгэдэг байсан бол орчин үед хүрээ нь улам өргөжөөд худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын салбарын  яриа уулзалт болж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болсон байна. 

Дараа нь ядуурлыг бууруулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй Чүшүй Сианы Санёу тосгоноор оров. Тосгоны түвд айлууд бүгд л хоёр давхар хувийн орон сууцанд амьдарна. Орон сууцны талбайн хэмжээ нь 108-167 метр квадрат талбайн хооронд хэлбэлзэх ба 8-9 өрөөтэй, өрхийн нэг хүний 60 мянган юаниар тооцохоор нэг хувийн орон сууцанд ойролцоогоор 200-300 мянган юань зарцуулжээ.Барилгын материал, гэрийн тавилга зэргийг улсаас  үнэгүй өгдөг. Урьд нь өөрийн 6, 7 мү багахан газартаа арвай тарьж, сардаа 2000 хүрэхгүй юанийн орлоготой байсан бол хөдөлмөрийн насны бүх хүмүүсийг ажилтай болгосноор орлого нь хэд дахин нэмэгджээ. “Энэ том байшинг өвөл яаж халаадаг вэ?” гэхэд “Өвөл ердөө 5-6 хэм болохоор халаалт хэрэггүй” гэв.


Улсаас хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах бодлогын үр шимийг хүртэхийн зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлж орлогынхоо гол эх үүсвэр болгосон түвд айл байна аа. Жишээ нь, уулын зэрлэг сармагчинг гаршуулж, сармагчны хүрээлэн байгуулаад  орлого олж байгаа бууралтай ч таарав. Бас ууланд хорхой өвс, мөөг түүж, бүр чинээлэг түвшинд хүрсэн өрх ч байсан.  
                                                                                         /үргэлжлэл бий/
                                                                                                Б.Мөнхтуул

 


Монгол брэнд