top banner
Шуурхай мэдээ

Ц.Бат-Энх: Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурлаар тодруулна


2017-09-13 16:19:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товлосон. Өөрөөр хэлбэл уг Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-аас тодруулах боллоо. Энэ талаар болон Удирдах зөвлөлийн хурлын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээс тодрууллаа.

-Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Үүнээс өнөөдрийн хуралд 30 гишүүн оролцож, цаг үеийн болон нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар хуралдлаа. Улмаар МАН-ын Бага хурлыг есдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэр гарсан. Мөн болж байгаа нөхцөл байдал, үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх, Бага хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан бэ?
-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, орон тооны бус нарийн бичгийн дарга нар, мөн намын УИХ дахь бүлгийн дарга, дэд дарга нар багтсан. Бид хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа тодруулах ёстой. Энэ хугацаа 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр дуусна. Тиймээс хугацаа дуусахаас өмнө Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах шаардлага гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргалаа.

-Удирдах зөвлөлийн хурлын уур амьсгал хэр байв?
-УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр тал болж хуваагдаагүй. МАН бол ардчилалтай нам. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн 30 гишүүн хурлаараа санал бодлоо илэн далангүй хуваалцаж, зовлон жаргалаа ярьсан. Хоорондоо үл ойлголцсон асуудлаа хэлэлцэж, эв нэгдлийн төлөө ойлголцож чадсан. МАН-ын бүлгийн 65 гишүүн цаашид ч хагарахгүй. Эвтэй найрамдалтай, улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхэд нэгдсэн тийм л уур амьсгалтай хурал болсон.

-Шинээр сонгогдсон Ерөнхий сайд намын дарга болох уу?
-Намын дотоод дүрэмд намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн заалт байдаг болохоос Ерөнхий сайд намын дарга болно гэсэн заалт байхгүй. Тиймээс бид хуулийн дагуу 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилсон байх ёстой. Бага хурлаас 45 хоногийн дотор Намын их хуралдана гэсэн заалттай. Тиймээс есдүгээр сарын 25-нд хуралдах намын Бага хурлаас Их хурлынхаа товыг гаргана. Намын даргын асуудал Бага хурлаас 45 хоногийн дараа шийдэгдэнэ. Бид намынхаа дүрмийг баримтална.
 
Н.Туяа

Монгол брэнд